МАРГААШ ШҮҮХЭЭР ХЭЛЭЛЦЭХ Б.МАХБАЛЫН ХЭРЭГ

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

МАРГААШ ШҮҮХЭЭР ХЭЛЭЛЦЭХ Б.МАХБАЛЫН ХЭРЭГ

Зам, тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/  байранд өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 9-ний 21:00 цагийн үед гарсан хүн амины хэрэг одоо ч дуулиан дагуулсаар байгаа. Албан тушаалтнуудын энэ хэрэг Монголын улс төрийн намууд, бүлэглэлүүдийн хоорондын тэмцлээс үүдэлтэй гэсэн шүүмжлэл одоо ч гарсаар байгаа юм.

Хэрэг гарсан даруйд цагдаагийнхан үзлэг шалгалт хийгээд  ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон.

 Уг хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр цагдаагаас Нийслэлийн прокурорт өнгөрөгч оны арваннэгдүгээр сард саналаа хүргүүлсэн юм.

Хэрэгт Б.Махбалаас гадна тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Л-ийг яллагдагчаар татан шалгаж байгаад батлан даалтад гаргаж, Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид  цагдан хорьсон хэвээр байна.

Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүхэд хэргийг шилжүүлжээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг  маргааш /2019.01.18/ товлогдсон байна.

Болсон явдлыг эргэн сөхвөл, хэрэг гардаг өдөр Б.Махбал нь Зам, тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн Ч.Ганбаярын хамт яамны байрандаа архи уусан байдаг.  Тэдэнтэй хамт  Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбат, Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Цэцэгмаа нар байсан талаар ч хэвлэлээр мэдээлж байв.

Талийгаачийн хувьд маргаашнаас нь ээлжийн амралтаа авахаар ажлаа цэгцэлж байжээ. Б.Махбал талийгаачийг өрөөндөө хэд хэдэн удаа дуудуулж улмаар  зодож амь насыг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн хоригдоод байгаа юм.

Сэжигтэн Б.Махбал нь хохирогчийг өшиглөж, цохисноос болж амиа алдсан тухай гэрчээд мэдээлсэн байдаг. Б.Махбалыг хэрэг гарсан өдөр архи хэтрүүлэн уусан тул эрүүлжүүлэхэд хонуулан маргааш нь  Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст авчирч, мөрдөн байцаах ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.

Т.САЙНЖАРГАЛХҮНИЙ ЁСНООС ГАЖУУД, ХАРГИС ХЭРЦГИЙ ҮЙЛДЛЭЭР САНААТАЙГААР НЭГНИЙГЭЭ БҮЛЭГЛЭН ХӨНӨӨЖЭЭ

Талийгаачийн  найз Т.Сайнжаргал өөрийн твиттер хуудаснаа хэргийн талаар жиргэхдээ “Талийгаач найзынхаа гэрээр орж ар гэрт нь хүндэтгэл үзүүллээ. Бодит байдлыг сонслоо. Үнэхээр сэтгэл эмтэрмээр, хүний ёсноос гажууд, харгис хэрцгий үйлдлээр санаатайгаар нэгнийгээ бүлэглэн хөнөөжээ. Үнэхээр гомдмоор, байж боломгүйгээр хороосон байна. Б.Махбал нь талийгчийг хоёр цохиж унагаад толгой руу нь олон удаа (шүүхийн дүгнэлтээр долоон удаа) өшиглөж, гутлын өсгийгөөрөө эрүүн дээр нь гишгэж мулталсан. Энэ үед нь Б.Махбалтай өрөөнд архи ууж байсан газрын дарга нар болон жолооч нар хараад зогсож байсан. Зодоон хоёр хүний хооронд болжээ. Тэнд байсан бусад хүмүүс тэдний зодолдож байхыг хараад зогсож байгаа нь  камерт бичигдсэн" гэж жиргэж байв. Талийгаач Т.Гомбосүрэнгийн хувьд эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг байжээ. Бусадтай муудалцдаггүй, эв эеийг хичээдэг, хүнлэг, шударга, архи дарс уудаггүй, чадварлаг, зарчимч төрийн албан хаагч байсан хэмээн аав нь амьд сэрүүндээ хүүгийнхээ талаар хэвлэлийнхэнд мэдээлж байлаа.

Талийгаач  төмөр замын 280 сая ам.долларын зарцуулалт болон ОХУ-аас ашиглалтын хугацаа нь дууссан 1000 вагон оруулж ирсэн хэрэг дээр шалгалт хийж байсан. Тиймээс  улс төр, албан тушаалтай нь холбоотой хэрэг болчихлоо гэж ар гэрийнхэн нь  хардаж байгаагаа одоо ч илэрхийлсээр.

Тухайн үед талийгаачийн албан тушаалд буюу ЗТХЯ-ны  Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргаар н.Дорждагва гэх  хүн очихоор яригдсан байсан  гэх мэдээлэл ч гарсан.

ЗТХЯ-НЫ УДИРДЛАГУУДЫГ СОЛИВ 

Уг хэргийн улмаас Зам тээврийн хөгжлийн сайд  Ж.Бат-Эрдэнэ  хариуцлага хүлээхээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэрбээр  Монгол Улсын Ерөнхий сайдад өгсөн өргөдөлдөө “Миний толгойлсон Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэгнийхээ амь насыг хохироосон ноцтой гэмт хэрэг гарсан тул миний бие цаашид тус яамыг удирдан ажиллах ёс зүйгүй хэмээн үзэж Зам тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж байна” гэжээ. Түүнчлэн хэрэг гарах үед хамт байсан газрын дарга нарыг чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм.

Б.МАХБАЛ ГЭЖ ХЭН БЭ?

Б.Махбал нь 2017 оны сүүлээр ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилогджээ. Үүнээс өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үед тус яамны Зам тээврийн бодлогыг нь хариуцсан газрын даргын албыг ч хашиж байжээ. Тиймээс түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэх хардлага улс төрийн хүрээнийхэнд байгаа. Түүнийг нь батлах мэт "Цензургүй сурвалжлага"-аар талийгаачтай холбоотой мэдээлэл цацагдсан нь олон хүний дургүйцлийг хүргэсэн юм. Талийгаачийн мөнгө тоолж байгаа бичлэг нь өмнө нь өмгөөлөгч байхдаа хоёр компанийн хоорондын асуудал дээр баримтуулж авсан дүрс гэдгийг өмгөөлөгч з.Хүрэлсүх нь тайлбарласан.

Талийгаачийн найз Т.Сайнжаргал сэжигтэн Б.Махбалын талаар жиргэхдээ “Өмнө нь Зам тээврийн хөгжлийн яаманд ажиллаж байхдаа хүний чихийг тас хазан, амнаасаа тасархайг нь нулимж хаяж байсан хүн. Уул уурхайн яаманд ажиллаж байхдаа нэг даргаа хэвтэрт ортол зодоод халагдсан. Энэ явдлыг тас нуугаад орхисон” гэж байв.

Б.Махбал хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хадгаламждаа 117 сая төгрөгтэй, 480 саяын үнэт эдлэлтэй, 80 саяар үнэлсэн “Lexus 570”-тай, эзэмшлийн хоёр газартай, тэрбум 570 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц, мөн үйлдвэр үйлчилгээний гурван объекттой, гэр бүлийнх нь жилийн орлого 229 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.

ТАЛИЙГААЧИЙН ААВ НАС БАРТЛАА Ц.НЯМДОРЖИД ИТГЭСЭЭР БАЙЖЭЭ

Хэрэг явдлын дараа талийгаачийн ар гэрийнхэн хэвлэлд хандан мэдээлэл хийж, хууль шүүхийн байгууллагад итгэл алдарч байгаа илэрхийлсэн. Талийгаачийн аав Р.Төмөрхуяг  хүүгээ цаг бусаар алдсан  хэргийг шуурхай шалгаж гэм буруутай этгээдүүдэд ял завших боломж олгохгүй байхыг Монголын хууль, шүүхийнхнээс хүссэн билээ.

Харамсалтай нь, талийгаачийн аав Р.Төмөрхуяг энэ оны нэгдүгээр  сарын 1-ний өдөр таалал төгссөн юм. Тэрээр хүүгээ нас барахаас сар гаруй өмнө хүнд хагалгаанд орсон бөгөөд өнгөрсөн хугацаанд сэтгэл санааны гүн хямралд орсны улмаас хууч өвчин нь  сэдэрч, нас барсан байна.

Р.Төмөрхуяг  өмгөөлөгчийн хамт 2018 оны арванхоёрдугаар сард прокурорын байгууллага хуулийн зүйлчлэл тохироогүй байхад хэргийг шүүхэд шилжүүлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийхдээ “Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт явуулсангүй.

Хүүгийн минь амь насыг хохироосон эл хэрэг прокурорын байгууллагад очоод маш богино хугацаанд бидэнд мэдэгдэлгүй шүүхэд шилжсэн. Ингэхдээ хэрэгт оролцсон хоёр хүний асуудлыг хэрэгсэхгүй болгоод Б.Махбалын ялыг хамгийн хөнгөнөөр шийдэхээр зүйлчилсэн байгаад гомдолтой байна.

Бидний зүгээс энэ хэргийг анхнаасаа албан тушаалын маргаантай холбоотой гэж үзэж байгаа. Хэргийг хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр шийдэж чадахгүй байгаад харамсч байна. Зохих шатны байгууллагад нь санал гомдлоо уламжилж, үнэн мөнийг нь олохын тулд чадах бүхнээ хийнэ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд тусалж дэмжих хүсэлт өгнө” гэж байсан юм. Эндээс харахад талийгаачийн аав хүүгийнхээ үхлийн шалтгааныг үнэн зөв тодруулж, хэрэгтнийг шийтгэнэ гэдэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид нас барах хүртлээ итгэж байсан бололтой.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж