Африкийн гахайн мялзан өвчин Монголд илэрсэн учраас гахайн аж ахуй, гахайн махан бүтээгдэхүүн импортлогч 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтынхан түр хязгаарлахаар болсон юм. Мөн гахайн мах, гахайн гаралтай бүтээгдэхүүнээр үйлчилдэг газруудаас дээжийн шалгалт хийж, иргэдийг гахайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөж буй. Гэвч Улаанбаатар хотын хэмжээнд 300 тонн гахайн гаралтай бүтээгдэхүүн агуулахад, 1000 гаруй тонны бүтээгдэхүүн гар дээр тараагдсан аж.
Тиймээс энэ асуудал үйлдвэрлэгчид болон үйлчилгээнийхэнд ямар хохирол, гарз дагуулж байгааг сурвалжилсан юм.
“БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДЭЭ ЗАРАХГҮЙ, ҮЙЛДВЭР РҮҮ НЬ БУЦААНА”
"Бөмбөгөр" худалдааны төв цагаан сарын бэлтгэлээ базааж яваа хүмүүсийн хөлд дарагджээ. Дор бүрнээ том хайрцаг, тортой зүйл барьсан хүмүүс чихцэлдэн зөрж байв.
Мах, хиам борлуулдаг тасаг руу нь орвол хөл хөдөлгөөн багатай байлаа. Хиам зарж буй лангууны худалдагчаас бүтээгдэхүүний үнэ ханшийг нь асуухад “Үйлдвэрээсээ шалтгаалаад гахайн мах 17000-27000 төгрөгийн үнэтэй байгаа. Хиам ч мөн адил үйлдвэрээсээ шалтгаалаад үнэ нь өөр" гэв. Түүнээс Монголд орж илэрсэн гахайн мялзан худалдаанд нь хэрхэн нөлөөлж байгааг сонирхсон юм.
-Гахайн мялзан өвчин гарсан тул гахайн махан бүтээгдэхүүнээр үйлчлэхгүй, худалдаж авахгүй байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа. Танайд энэ талаар мэдэгдэл хүргүүлсэн үү. Мэргэжлийн хяналтынхан танай бүтээгдэхүүнээс дээж авсан уу?
ХУДАЛДАГЧ: Гахайн мялзан гарсан талаарх мэдээг зурагтаар өчигдөр сонссон. Гэхдээ одоо зарж байгаа бүтээгдэхүүн маань өвчин гарахаас өмнө татсан бүтээгдэхүүнүүд байгаа. Үйлдвэрүүд шинжилгээ судалгаа хийгээд, аюулгүй гэдгийг нь мэргэжлийнхнээр нь тогтоолгосны дараа бидэнд нийлүүлсэн байгаа. Мэргэжлийн хяналтынхан манайд маргааш ирнэ гэсэн. Ирээд дээж авах байх.
-Дээжний хариу эерэг гарвал яах вэ?
-Дээжийн хариу эерэг гарвал бүтээгдэхүүнүүдээ зарахгүй, үйлдвэр рүү нь буцаана. Манай тасагт хиам, гахайн махаар дагнадаг лангуу олон бий. Хиаманд гахайн өөх, хуйхаас эхлээд гахайн гаралтай зүйл ордог. Тэгэхээр энэ олон лангууны худалдагчид ажил, орлогогүй болох нь дээ.
“ЦАГААН САРЫГ ЯАЖ ХИАМГҮЙ УГТАХ ЮМ БЭ”
Худалдагчтай ярилцаж зогсох зуур 60 орчим настай эмэгтэй ирж, хоёр килограмм годгор хиам авлаа. Түүнээс гахайн мялзан гарсан үед хиам авч байгаа нь эрсдэлгүй юу гэж лавлахад “Гахайн мялзан гарсныг өчигдөр сонссон. Гаднын орны энэ өвчин импортын бүтээгдэхүүнд л байгаа гэж бодож байна. Үндэсний үйлдвэрүүд маань чанартай, сайн бүтээгдэхүүн хийдэг болохоор тэднийхээ үйлдвэрлэсэн хиамнаас авлаа. Цагаан сарын ширээ хиамгүй бол үзэмжгүй шүү дээ” гэв.
“ГАХАЙНЫХААС БУСАД МАХТАЙ ХООЛ ЗАХИАЛЖ БОЛНО”
Ингээд гахайн махаар хоол хийдэг Солонгос хоолны газар, ресторануудаар орлоо. Зөөгчид нь хоолны цэсээ өгөхдөө “Манайд гахайн махтай хоол гарахгүй байгаа. Цэснээс харж байгаад гахайныхаас бусад махтай хоол захиалж болно” гэж байна. Гахайн мялзан өвчин гарснаар солонгос хоолны газрууд гахайн махтай хоолоор үйлчлэхээ больжээ. Энэ нь мэдээж, тэдний ашиг орлогод сөргөөр нөлөөлж буй биз.
Холбоотой мэдээ