Испанийн үзэсгэлэнт хатан хаан 

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Испанийн үзэсгэлэнт хатан хаан 

Испанийн үзэсгэлэнт хатан хаан 

Испанийн хаант төрийг ард түмэнд илүү ойртуулсан, ард гаралтай анхны хатан хаан Летицияг энэ удаагийнхаа “Хүмүүс” буланд онцолж байна.

Бидний цаг үед амьдарч буй хатан хаан нараас Испанийн хаан Фелипийн гэргий Летиция биеэ авч явах байдал, боловсрол мэдлэгээрээ бусдаасаа ялгардаг. Дан ганц Испанид бус европчуудын хайрыг татсан хатан хаан Летицияг зарим хэвлэл “Үнсгэлжин” хэмээн нэрлэсэн нь бий.

Летиция Ортис 1972 оны есдүгээр сарын 15-нд Испани улсын Овьедо хотод сэтгүүлч Хесуса Хосе Ортиса Áльвареса, сувилагч Марии Паломы Рокасолано Родригес нарын ууган охин болон мэндэлжээ. Тельма, Эрика гэдэг хоёр дүүтэй. Эцэг, эх нь 1987 онд салсан байна.

Летиция Овьдогийн Ла Жесте сургуульд суралцаж, дараа нь гэр бүлээрээ Мадрид руу нүүжээ. Тэрээр 10 настай байхаасаа "Антенна 3" радиогийн "El Columpio" хөтөлбөрт оролцож эхэлсэн байна. Летиция Мадридын "Ramiro de Maeztu" дунд сургуулийг дүүргэж, Мадрид дахь нэр хүндтэй “Комплутенс” их сургуульд сэтгүүлч мэргэжлээр элсэн суралцаж, бакалавр, магистрын зэрэг хамгаалжээ.

Их сургуульд суралцаж байхдаа тэрээр "La Nueva España" сонин (1992-1993), EFE мэдээллийн агентлагийн “ABC” сэтгүүлд дадлага хийсэн байна. Их сургуулиа дүүргээд, дараа нь Мексикийн “Siglo XXI” сонинд хэсэг хугацаанд ажиллажээ. Испанид буцаж очсоныхоо дараа эдийн засгийн “Блүүмберг” телевизийн Испани дахь салбар телевизүүдэд амжилттай ажиллан, дараа нь CNN рүү шилжсэн байна.

2000 онд Летиция Мадридын "Larra Award" хэвлэлийн ассоциацийн шагнал хүртжээ. Энэхүү шагналыг 30 хүртэлх насны мэргэжлийн өндөр ур чадвар бүхий сэтгүүлчид олгодог аж. 2000 оноос телевизийн сурвалжлагчаар ажиллаж байсан тэрээр 2003 онд TVE телевизийн өдөр тутмын “Telediario” хөтөлбөрийн хөтлөгч болжээ.

Мөн тэрээр олон улсын мэдээний сурвалжлагчаар ажилладаг байсан бөгөөд Иракийн дайн, есдүгээр сарын 11-ний халдлага, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг газар дээрээс нь сурвалжилж байжээ. Летиция 2002 оны арваннэгдүгээр сард Испанийн хойд нутагт болсон байгалийн гамшгийг сурвалжлахаар очих үедээ тухайн үеийн хунтайж Фелиптэй болзож эхэлсэн түүхтэй аж. Тэд үүнээс нэг жилийн өмнө нэгэн найзынхаа зохион байгуулсан үдэшлэгийн үеэр танилцаж, байгалийн гамшигт өртсөн нутагт очих үеэр улам дотносжээ. Тэд болзож эхэлсэн тухайгаа маш их нууцалдаг байсан аж.

Тэднийг анх танилцах үед Летиция Испанийн голд живсэн цистерний талаар сурвалжлага хийж байжээ. Ханхүү Фелип анхны харцаараа түүнд дурласан аж. Өндөр боловсролтой, жинхэнэ цагаан морьтой мөрөөдлийн ханхүү сэтгүүлч бүсгүйн сэтгэлийг татахын тулд бүхий л авьяасаа гаргах хэрэгтэй болжээ. Ханхүү анх түүнийг дөрвөн ч удаа болзоонд урьсан ч бүсгүй нэгэнд нь ч зөвшөөрөөгүй аж. Өмнө нь Фелип Норвегийн загвар өмсөгч Ева Саннумтай үерхэж байхдаа хэвлэл мэдээл болон хааны ордонд сэжиг авахуулахгүйг хичээдэг байжээ.

Испанийн Эзэн хааны ордон 2003 оны аравдугаар сард тэднийг сүй тавьсан тухай зарлахад Летициягийн өмнө нь хүнтэй гэрлэж байсан түүх сөхөгджээ. Летиция 1998 онд Алонсо Перез хэмээх уран зохиолын багштай гэр бүл болж байсан ч жилийн дараа салсан байна. Испанийн Эзэн хааны ордноос мэдээлснээр, тэд 2004 оны тавдугаар сарын 22-нд Санта-Мария-ла-Реаль-де-ла-Альмудена дуганд гэрлэсэн бөгөөд олон мянган зочин хүрэлцэн очиж оролцжээ.

Ийнхүү сурвалжит гарал угсаагүй эмэгтэйг хунтайжийн гэргий болгохыг зөвшөөрснөөр тэд сүй тавьж, Испанийн эзэн хааны гэр бүлийн түүхэнд тохиож байгаагүй хамгийн том, дуулиант хуримыг хийжээ. Фелипийн хувьд атаархам сүйт залуугаас гадна дарвуулт онгоцны үндэсний шигшээ багийн тамирчин байжээ. Тэрбээр 1992 онд Барселонд болсон Олимпод оролцохын сацуу нээлтийн үеэр төрийн далбаагаа мандуулан явж байсан аж.

Летициятай танилцах үедээ ханхүү Фелип 34 настай байжээ. Түүнийг гэр бүлийн амьдрал зохиохыг хүлээсэн эцэг эх болох хаан Хуан Карлос болон хатан Софи нар түүнд сүйт бүсгүй хайх болсон аж. Тэд Европын бүх гүнжийн дундаас хамгийн их магадлал өндөртэйгээр Шведийн гүнж, өв залгамжлагч Викторияг онцолж байжээ. Гэсэн хэдий ч тэд зөвхөн найзууд байхаар тохирсон байна. Энэ үед Фелип олон нийтэд хандан “Би зөвхөн хайртай хүнтэйгээ л гэр бүл болно. Миний сонгосон бүсгүй хүүхдүүдийн маань ээж байх тийм л гавьяатай хүн байна” гэжээ. Үүнээс гадна тэр хүн жирийн нэгэн эмэгтэй ч байж болно гэдгийг онцолсон аж.

Хоёр гүнж төрүүлсэн үзэсгэлэнт Летиция Испанийн хаан төрийг ард түмэнд илүү ойртуулсан гэгддэг. Туйлын эх оронч тэрбээр Испанийн урлаг, хэл, соёлыг хүүхэд, залууст сурталчлан таниулах соёлын сантай. Тэрбээр нөхрөө 2014 онд хаан ширээнд залрахад Испанийн түүхэн дэх харц гаралтай анхны хатан болсон байна. Хааны гэр бүл Леонор, София хэмээх хоёр охинтой.

Хамгийн сүүлийн мэдээллээр, 2019 оны нэгдүгээр сарын 9-нд Испанийн Хатан хаан Летиция Мадрид дахь Мансууруулах бодисын донтолтын эсрэг сан (FAD)-гийн байранд болсон тус сангийн зөвлөлдөх уулзалтад оролцжээ. Тэрбээр тус сангийн ерөнхийлөгчөөр ажилладаг байна.

Эх сурвалж: THE LIVE JOURNAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж