Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд асан Б.Батзоригийн А/149 тоот тушаалын дагуу 2017 онд улсын хэмжээнд дутагдалтай байгаа 51 мянган тонн өвс, тэжээлийг ОХУ-аас импортоор оруулж ирэхэд зориулж, 40 тэрбум төгрөг шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяныг өрнүүлж, Мал хамгаалах сангаар дамжуулан 40 тэрбум төгрөгийг нийт 34 аж ахуйн нэгжид зээл олгосон байдаг. Уг зээлийн эргэн төлөлт хэдэн хувьтай байгаа талаар Мал хамгаалах сангийн захирал Д.Пүрэвцэрэнтэй ярилцлаа.
Мал хамгаалах сангаар дамжуулан аж ахуй нэгжүүдэд 40 тэрбум төгрөгийн зээл олгосон нь олны шүүмжлэлийг дагуулаад байна. Энэ зээлийг хэчнээн компанид ямар журмаар олгосон талаар яриагаа эхэлье?
-Юуны өмнө Мал хамгаалах сангийн үндсэн үйл ажиллагааг танилцуулъя. Манай сан нь Нэгдүгээрт “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг хэрэгжүүлж малчдын урамшууллын материалыг нэгтгэж, Монголбанкинд хүргүүлэн, урамшуулал олгодог. Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээлийн дэмжлэг үзүүлэх, зээлийн ашиглалтад хяналт тавих, зээлийг эргэн төвлөрүүлдэг бөгөөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр тоног төхөөрөмж олгодог.
“Өвөл, хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд 2017 онд орон нутагт өвөлжилт хүндэрч, цас зуд ихтэй байсан учраас өвс, тэжээлийн нөөцийн тодорхой хувийг ОХУ-аас импортоор оруулж ирэх шаардлагатай болсон. Тиймээс салбар яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас тооцоо судалгаа хийж, баланст дутагдаж буй өвс, тэжээлийг импортоор авах шаардлагатай гэж үзэн холбогдох тооцоо судалгааг хийсэн байдаг. Улмаар малын тэжээл хангамжийг нэмэгдүүлэхэд зориулж салбар яам болон Сангийн яамны хооронд 40 тэрбум төгрөгийн төсвийн зээлийн гэрээ байгуулсан. Манай яамны зүгээс яаралтай сонгон шалгаруулалтыг явуулах үүднээс 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын А/452 тушаалаар өвс тэжээл импортлох ажлыг зохион байгуулах ажлын хэсэг, сонгон шалгаруулалтын ажлын хэсэг, хяналт тавих ажлын хэсэг гэсэн гурван ажлын хэсгийг байгуулсан. Сайдын тушаалаар сонгон шалгаруулалтын ажлын хэсгээс шалгарсан 34 аж ахуйн нэгжүүдтэй тус сан зээлийн болон барьцааны гэрээ байгуулахаар болсон байдаг.
-Өнөөдрийн байдлаар энэ зээлийн эргэн төлөлт хэдэн хувьтай байна вэ?
Сангийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хоорондын байгуулсан төсвийн гэрээнд “2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дотор Сангийн яаманд эргэн төвлөрүүлэх ёстой” гэж тусгасан. Яг тэр агуулгаар нь 34 аж ахуйн нэгжүүддээ 2018 оны наймдугаар сарын 1-ний дотор зээлээ төлж барагдуулахаар гэрээ байгуулсан юм. Одоогоор уг зээлийн эргэн төлөлт 50 хувь буюу 20 тэрбум төгрөгийг 2018 ондоо багтаан Сангийн яаманд барагдуулаад байна. Нийт 34 аж ахуйн нэгжээс 14 аж ахуйн нэгж нь зээлээ 100 хувь бүрэн барагдуулчихсан. Үлдсэн 20 аж ахуйн нэгж авсан зээлээ төлж дуусаагүй байна. Мал хамгаалах сангийн зүгээс зээлийн гэрээний дагуу 10 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар зээлээ бүрэн төлж барагдуулаагүй бүх аж ахуйн нэгжийг шүүхийн байгууллага руу шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар зээлээ төлөөгүй 20 аж ахуйн нэгжээс 12-ынх нь анхан шатны шүүхийн шийдвэр гарчихсан байгаа. Хоёр аж ахуйн нэгж нь давж заалдах шатны гомдол гаргасан, үлдсэн аж ахуйн нэгжүүд нь шүүхийн шатанд байна. Зээлийн гэрээний дагуу зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй, хариуцлага алдсан аж ахуйн нэгжүүдэд алданги тооцогдох ёстой. Алдангийн хэмжээтэй санал нийлэхгүй байгаа аж ахуйн нэгжүүд шүүхийн байгууллагаар маргаанаа эцэслэж байгаа.
Хэдийгээр зээлийн эргэн төлөлт хангалттай биш байгаа боловч нэг зүйлийг бол хэлэх ёстой. “Өвөл хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд Малын тэжээл хангамжийг нэмэгдүүлэхээр явуулсан ХХААХҮЯ-наас хэрэгжүүлсэн бодлого бол үнэхээр зөв юм. Нэгдүгээрт, Малчид зах зээлийн үнээс хямд тэжээлийг худалдан авах боломжийг бий болгосон. Хоёрдугаарт, Улсын төсвөөс зээл хэлбэрээр гарсан учраас татвар төлөгчдийн мөнгө эргэн төвлөрч улсдаа үлдэж байгаа. Мөн малчид, малын хорогдолгүй өвлийг давсан нь хамгийн сайн гээд дурдаад байвал олон зүйл бий. Хамгийн гол нь бодлого нь зөв байсан, зорьсон зорилгоо биелүүлж улсын хэмжээнд мал мэнд онд орсон.
-Олон нийт ЖДҮХС-ийн зээлтэй холбоотойгоор Мал хамгаалах сангаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийг УИХ-ын гишүүдтэй хамаарал бүхий гэж хардаж байна?
-Хардах эрх хэн бүхэнд нээлттэй, буруу зүйл биш. Эрүүл зөв нийгэмд хардах эрх, эрэн сурвалжлах сэтгүүлзүй байх ёстой. Нийгэмд сангуудтай холбоотой элдэв мэдээлэл их гарсан болохоор Мал хамгаалах сангийн үйл ажиллагааг ч бас хардах, шүүмжлэх байр суурь нэлээд ажиглагдсан. Тус сангийн хувьд түүхэндээ анх удаа гэж хэлж болохоор “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд хэрэгжсэн 40 тэрбум төгрөгийн зээлтэй холбоотойгоор хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр мэдээллүүд цацагдсан.
Зээл авсан аж ахуйн нэгжүүдийг сонгохдоо Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажлын хэсэг байгуулж, төсөл сонгон шалгаруулалтыг явуулдаг. Ерөнхийдөө салбар яам буюу бодлого тодорхойлж буй газар дээрээ сонгон шалгаруулалтыг хийж, бид зээлийн болон барьцааны гэрээ байгуулдаг. Сонгон шалгаруулалтыг улс орон даяар нээлттэй зохион байгуулж байгаа учраас ямарч аж ахуйн нэгж оролцох боломжтой. Тэгэхээр энэ аж ахуйн нэгжийн цаана ийм хүн байгаа гэсэн байдлаар хандаж, сонгон шалгаруулсан зүйл байхгүй. Одоогоор миний хэлж чадах юм бол зээл авсан 34 аж ахуйн нэгжээс 14 аж ахуйн нэгж нь зээлээ төлж, хариуцлагагүй 20 нь төлөөгүй байна. Мал хамгаалах сангийн зүгээс хуульд заасан бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Хариуцлага алдсан зээлээ төлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг цаашид зөвхөн Иргэний хэргийн шүүхээр зогсохгүй, зээлийн зарцуулалтыг шалгуулах талаар ч санал гардаг. Манай сангаас төсвийн тухай хуулийг чандлан сахиж, татвар төлөгчдийн мөнгийг яаралтай төвлөрүүлэхээр ажиллаж байна.
-Мал хамгаалах сангаас 2019 онд хийхээр төлөвлөж буй ажлуудаас танилцуулбал?
-Хамгийн эхэнд сар шинийн баярын өмнө малчдын үндэсний үйлдвэрт тушаасан ноосны урамшууллыг олгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ноосны урамшууллын хувьд 21 аймаг, Улаанбаатар хот, үйлдвэрээс ирсэн мэдээллийг нэгтгэхэд 67 мянга 648 малчдын үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан 16 мянга 563 тонн ноосонд 18 тэрбум 480 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг олгохоор болсон. Сайдын тушаал удахгүй гарна. Мөн арьс ширний урамшууллыг оны эхэнд болон төгсгөлд олгодог. Саяхан оны өмнө 12 дугаар сарын 27-нд малчдадаа урамшууллыг нь олгосон. Одоо залруулах гүйлгээ буюу нэр данс нь зөрүүтэй малчдын мэдээллийг дахин нэгтгэж байна. Монголбанкаар дамжуулан улиралд нэг удаа залруулах гүйлгээ хийдэг журамтай.
-Мал хамгаалах сангаас 2019 онд ямар зээл олгох вэ?
– Мал хамгаалах сангийн хувьд олон арван тэрбумаар хэмжигдэх төсөв байхгүй. Манай сан зээлийн эргэн төлөлаар төвлөрсөн мөнгийг эргүүлэн зээл хэлбэрээр гаргадаг. Энэ жил эргэн төлөлтөөр 1.5 тэрбум төгрөг төвлөрнө. Бид яамны батлагдсан төлөвлөгөөнд үндэслэн 900 сая төгрөгийг эрчимжсэн фермерийн аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд зээл хэлбэрээр гаргана. Мөн 500 сая төгрөгийг олон наст уурагт, таримал тэжээл үйлдвэрлэгчдэд, 100 сая төгрөгийг мал үржлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор төсөвлөсөн. Тус сангийн шилэн дансаар ороод дээрх мэдээллүүдийг бүгдийг үзэх боломжтой гэдгийг мөн хэлэх байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ