Д.Мөнхтүвшин улирлын үнэ цэнэтэй тоглогч боллоо

Хуучирсан мэдээ: 2015.03.24-нд нийтлэгдсэн

Д.Мөнхтүвшин улирлын үнэ цэнэтэй тоглогч боллоо

АРАВТУУД ЦУВРАЛЫГ ТЭНЦҮҮЛЖ, Д.МӨНХТҮВШИН УЛИРЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ БОЛЛОО

Үндэсний Супер лигийн Плэй-Оффын эхний шатны цувралын 2 дахь тоглолтууд даваа гаригт(03.23) болж өндөрлөлөө. Энэ өдрийн эхний тоглолт "Увс Эрдэнэдрийлинг Ригс" болон "Баянзүрх Их Өргөө Аравтуу"д багуудын хооронд болсон юм. Тоглолтын өмнө энэ улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн (MVP) шагналыг Аравтууд багийн хамгаалагч Д.Мөнхтүвшин гардан авлаа.

Үндэсний супер лигийн 2014-15 оны улирлын үнэ цэнэтэй тоглогчоор улиралд 22,4 оноо, 4,3 самбар, 3,3 оновчтой дамжуулалтыг дунджилж, баг нь 11 хожил, 9 хожигдолтой гэсэн амжилтаар плэй-оффт шалгарсан Б.Боорчи эзэнтэй "Их өргөө аравтууд" багийн хамгаалагч Даваадоржийн Мөнхтүвшин шалгарлаа.

 

Цувралын эхний тоглолтод хожигдол хүлээгээд байсан Аравтууд энэ өдөр заавал хожих даалгавартай талбайд гарсан юм.

Тоглолт эхнээсээ тун тэнцүүхэн өрнөж байсан ч өмнөх тоглолтоос огт өөр эхлэлийг Аравтууд хийж чадсан. Шинэхэн MVP Д.Мөнхтүвшин ч өнөөдөр өөрийн сайн тоглолтыг үзүүлж байлаа. Аравтуудаас өмнөх тоглолтуудад ажиглагдаж байсан хувийн хамгаалалтууд нь энэ өдөр бага харагдсан бөгөөд бүсийн хамгаалалтыг авч, үе үе хамгаалалтаа сольж байсан нь тэдний тоглолтод сайнаар нөлөөлсөн гэхэд болно. Эхний тоглолтонд хувийн хамгаалалт ихээр хийж, ядралт авсан нь харагдсан учир энэ өдөр огт өөр байдлыг Аравтууд үзүүлж байв. Ригсийн хувьд Н.Золжаргал холын шидэлтүүдээр оноог явуулж байсан бол гараанд гарсан C.Moore ч сайн байсан юм. Гэхдээ энэ өдөр Ригс W.Giddings-ийг талбайд гаргаагүй нь сонин шийдвэр боллоо. Чухал үед W.Giddings-ийн тэсрэлттэй тоглолтууд хэрэгтэй байгаа нь ажиглагдаж байв. Аравтуудаас эхний хагаст А.Williams довтолгоонд онцгой байж багаа тэргүүлсэн бол Ригсээс Н.Золжаргал багаа тэргүүлэв. 2-р хагас ч тун тэнцүү өрнөж байсан бөгөөд Ригсийн төвийн тоглогч D.Blue самбар дор сайн тоглолт үзүүлж эхэлсэн юм. C.Moore, D.Blue гэсэн хослол нийлээд энэ өдөр 32 самбараас бөмбөг авчээ. Гэхдээ Аравтуудын гарааны 5 тоглогч тун жигд тоглолт үзүүлж бүгд 10-аас дээш оноо авч чадсан. D.Hadley-ийн холын шидэлтүүд онцгой байсан нь онооны зөрүүг хадгалсаар байлаа. Тоглолтын төгсгөлд Д.Мөнхтүвшин санаачлагыг гартаа авч, өөрийн довтолгоонуудаа оновчтой болгож байсан нь өмнөх тоглолтоос авсан том сургамж байсан юм. Өмнөх тоглолтонд чухал үед хэд хэдэн буруу шийдвэр гаргаж, дамжуулалт өгсөн нь буруу шийдвэр байсан бол энэ тоглолтонд Д.Мөнхтүвшин алдаагаа засч, сайн тоглолт үзүүлснээр баг нь ялалт байгуулж чадлаа. Тус тоглолтонд A.Williams 25 оноо, 11 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлсэн бол D.Hadley 22, Мөнхтүвшин 21, Jordan McCoy 17 оноо, 10 самбараас бөмбөг авалт, Сэдбазар 13 оноо, 14 самбараас бөмбөг авалт хийж жигд тоглосноор баг нь хожил авлаа. Харин Ригсээс Золжаргал 26 оноо, Desmond Blue 23 оноо, 12 самбараас бөмбөг авалт, Chris Moore 21 оноо, 20 самбараас бөмбөг авалт авсан ч бусад тоглогчид хангалттай байсангүй. 2 багийн цувралын 3 дах тоглолт ирэх баасан гарагт явагдана.

 

 

ХАРЦАГА ЦУВРАЛЫГ 2:0 ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Плэй-Оффын цувралын эхний шатны энэ өдрийн 2 дах тоглолт Дундговь Альянс Тех Харцага болон Төв аймгийн Төв Ургац багуудын хооронд боллоо. Өмнөх тоглолтонд Харцага баг олон онооны илүүгээр хожиж яваад 2-р хагаст Төв Ургац оноог ойртуулж чадсан нь Харцага багт том сургамж болсон билээ. Энэ тоглолт ч өмнөх тоглолтын зохиолоор явагдсан гэхэд болно.

Цувралын эхний тоглолтоос сургамж авч, эхлэлийг сайн хийх хэрэгтэйг Төв Ургац баг энэ өдөр маш сайн ухамсарлаж гарч ирсэн байлаа. Эхний үе тун тэнцүүхэн, довтолгоо голлосон үе болж өндөрлөв. Ердөө 2 онооны илүүтэй Харцага эхний үеийг давамгайлсан нь Төв Ургац өмнөх тоглолттой харьцуулахад огт өөр тоглолт үзүүлсэн нь харагдана. Гэхдээ 2-р үед Харцага оноогоор холдож эхэлсэн юм. Dominic Rambo, Steve Pledger нар тоглолтын санаачлагыг гартаа авч ээлжлэн довтолгоонуудаа оноо болгож байсан нь Төв Ургацыг хүнд цохилтод оруулав. Гэсэн ч 2-р хагаст Төв Ургац өмнөх тоглолтын адил сайн тоглолтоо гаргаж эхэлсэн. Donald Boone, Frank Holmes нараас гадна Дэлгэрням самбар дор үнэхээр идэвхитэй тоглолт үзүүлж байсан нь оноог ойртуулах боломжийг олгов. 4-р үед Ганболд, Мөнхтөр, Donald Boone нарын холын зайн шидэлтүүд оноо болж байснаар Төв Ургац баг 32:10 гэсэн оноо авалтыг хийж, тооны зөрүүг ердөө 4 болгож ойртуулсан юм.  Гэхдээ Харцага багт төгсгөл сайн хийдэг гэдгээ харуулсан. Steve Pledger чухал үед шидэлтүүдээ найдвартай оноо болгож байсан бол Б.Одбаяр ч самбар дор хэрэгтэй оноог авч, тооны зөрүүг хадгалж байснаар Харцага баг тун хүнд тоглолтоос ялалт байгуулж, цувралыг 2:0 болгож чадлаа. D.Rambo энэ өдөр 32 оноогоор багаа тэргүүлсэн бол S.Pledger 21 оноо, Одбаяр 16 оноо, 17 самбараас бөмбөг авалт, Дорждамба 14 оноо авсан юм. Төв Ургацаас D.Boone мөн л гайхалтай байж 36 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол F.Holmes 20 оноо, 10 самбараас бөмбөг авалт, Дэлгэрням 17 оноо, Ганболд 11 оноог авчээ. Цувралд хийгдсэн 2 тоглолт агуулгын хувьд тун ижилхэн болж өнгөрөв. Харцага эхний хагасыг сайн хийдэг бол Төв Ургац 2-р хагаст сайн тоглолт үзүүлдэг нь тус 2 тоглолтоос харагдлаа. 2 багийн цувралын 3 дах тоглолт ирэх баасан гарагт болно.

Д.ЛХАГВА

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж