"Иргэдийн өрийг багасгахаар хэрэглээний зээлийг хумьсан"

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

"Иргэдийн өрийг багасгахаар хэрэглээний зээлийг хумьсан"

"Иргэдийн өрийг багасгахаар хэрэглээний зээлийг хумьсан"

Монголбанкнаас иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар, өр орлогын харьцаа 70 хувь байхаар баталж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Ингэснээр зах зээлд ямар өөрчлөлт гарч болох талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас  тодрууллаа.


-Шинэ журмын дагуу иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар тогтоохоор болсон гол шалтгаан юу вэ. Яагаад  Төв банк ийм шийдвэр гаргахад хүрэв?

-Иргэдийн өрийн дарамт сүүлийн 7-8 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн.  Тиймээс  иргэдийн өрийн дарамтыг  бууруулахын тулд энэхүү шийдвэрийг гаргасан. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэглээний зээл дээр өр, орлогын харьцаа 70 хувиас хэтэрч болохгүй, хугацаа нь дээд тал нь 30 сар байна гэж заасан нь ийм учиртай юм.  Нөгөө талаасаа эдийн засгийн бүтэц, санхүүгийн эх үүсвэрийн нөөц хуваарилалтыг харах юм бол энэ нь  цаашид хөрөнгө, оруулалт бизнесийн чиглэлийг дэмжих учиртай.

-Тэгэхээр бизнесийн зээлийн санхүүжилтийг тэлэх боломжийг бий болгоно гэсэн үг үү?

-Тийм ээ. Санхүүгийн бизнес эрхлэгчдэд зээл түлхүү очиж чадвал ажлын байр нэмэгдэнэ, иргэдийн орлого нэмэгдэнэ. Үүний үр дүнд иргэд өр тавьж ирээдүйн хэрэглээгээ барьцаалж, түүнийгээ танах байдлаар амьдрахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэрэглээгээ нэмэгдүүлэх биш орлогоосоо хэрэглээгээ санхүүжүүлдэг бүтэц рүү аажим аажмаар шилжинэ. Мөн бизнес, хөрөнгө оруулалт цаашаа тэлсний үр дүнд эдийн засагт хуримтлал бий болно.  Өрийн дарамтыг хязгаарлахгүй бол нийгмийг ч эмзэг байдалд оруулж мэдэх учраас тодорхой түвшинд бууруулах ёстой болсон.

-Иргэдийн банкны зээл сүүлийн жилүүдэд 40-50 хувиар нэмэгдсэн. Эсрэгээрээ өрхийн өрийн ДНБ-д эзлэх хувь хоёр дахин өссөн. Энэ хоёр тоог  зөв зохистой хэмжээнд барьж чадах уу?

-Өр, зээлийг ДНБ-д харьцуулаад үзэх юм бол 7-8 жилийн өмнө ДНБ-ний 17-18 хувьтай тэнцдэг байсан. 2018 оны байдлыг аваад үзэх юм бол 33-35 хувьтай тэнцэх хэмжээтэй буюу хоёр дахин нэмэгдсэн байна. Арилжааны банкуудаас зээлийн мэдээллийг аваад үзэхээр нийт сарын орлогынхоо дунджаар 70 гаруй хувийг нь зээлийн төлбөрт сар болгон шилжүүлж байх жишээтэй. Зарим тэтгэврийн зээл 100 хувь шууд зээлийн төлбөрт явж байна. Энэ нь айл өрхийн амьдралд эмзэг байдлыг бий болгож байгаа. Орлогын 30 хувь нь цаанаа үлдэж байна гэдэг хангалттай  ч биш. Бид  цаашид илүү бууруулж иргэдийн өрийн дарамтыг бууруулах ёстой.

-Банкны хэрэглээний зээлийн хугацааг хязгаарласнаар нөгөө талд  банк бус санхүүгийн байгууллагыг дэмжиж иргэд өндөр хүүтэй, урт хугацаатай зээлд уягдах эрсдэлийг дагуулах юм биш үү?

-Иргэдийг  өндөр хүүтэй ББСБ-уудад хандах эрсдэлээс сэргийлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкнаас хамтарсан ажлын хэсэг гараад ББСБ-ын зээлд судалгаа хийх ажил эхлээд явж байгаа. Санхүүгийн системийн тогтвортой байдал талаас нь авч үзэх юм бол банк, ББСБ хоёр өөр эрсдэлийн орчинтой. ББСБ-ууд эрсдэл үүссэн тохиолдолд зөвхөн хөрөнгө оруулагч буюу уг байгууллагыг ажиллуулж байгаа хүмүүсийн хөрөнгийн эрсдэл байдаг. Харин банк бол харилцагчдын эх үүсвэрээр бизнес хийж зээлийн эх үүсвэрээ гаргаж байдаг учраас хамгийн эхэнд банкны хэрэглээний зээлийг хязгаарлах ажлыг эхлүүлэх ёстой. Өнөөдөр чанаргүй зээлийн дунд иргэдийн хэрэглээний зээл бага дүнтэй байгаа боловч цаашдаа эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл өрийн дарамт хоёр дахин нэмэгдсэн байгаа нь тухайн иргэний, тухайн өрхийг  өөрийг нь эмзэг байдалд оруулж байгаа. Аливаа нэгэн байдлаар эдийн засгийн мөчлөгийг дагаад ажлын байраа алдах, цалин орлого нь буурах тохиолдолд тухайн зээлдэгч  эргээд зээлээ төлж чадах эсэх нь эрсдэлд орно. Энэ нь эргээд арилжааны банкны тогтвортой байдал, цаанаа хадгаламж эзэмшигч болон харилцагчдын мөнгийг хамгаалах асуудал яригдах учраас бид ирээдүйд учирч болох болзошгүй эрсдэлээс бид сэргийлэх ёстой. Төв банкнаас гарч байгаа аливаа шийдвэрүүд ирээдүй рүү чиглэгдсэн, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлүүдээс сэргийлсэн шийдвэр байдаг.

-Тэгвэл зах зээлд ямар өөрчлөлт гарах вэ?

-Өнөөдөр үр дүн нь шууд гарах гэхээсээ илүүтэй аажим аажимдаа эдийн засгийн идэвхжилээ дагаж бий болох үр дүнг бид хүлээж байна.

-Зээлийн хязгаарлалт хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Тогтсон хугацаа байхгүй. Өнөөдөр бид орлогын 70 хувийг зээлийн төлбөрт зарцуулж буйг хязгаарлаж байгаа боловч бусад улс оронтой харьцуулахад энэ нь өндөр түвшинд хүрсэн үзүүлэлт. Дээр хэлсэнчлэн  эдийн засгийн идэвхжилт сайн орлого, цалин нэмэгдэж байгаа энэ цаг үеийг  ашиглаад өрийн дарамтыг бууруулах нь зөв юм. Цаана нь үлдсэн 30 хувь ч гэсэн тухайн хүний амьжиргааны наад захын хэрэгцээг нь хангах  амьжиргааны баталгаажих доод түвшинд хүрч байна уу гээд аваад үзвэл тун хэцүү. Тиймээс шат дараатай бууруулах ёстой.

-Зарим иргэдийн дунд хугацааны хувьд төөрөгдөл байна л даа. Тухайлбал, зээлийн төрлөөсөө хамаараад  хугацаа нь өөр өөр байна гэх мэдээлэл байна?

-Төв банкнаас 30 сар буюу 30 сараас хэтрүүлэхгүй гэдэг л хугацаа заасан. Харин түүнээс доош байж болно. Тэгэхээр 30-аас доош буюу 30 сар хүртэлх хугацаанд тухайн банк өөрөө бодлогоор шийдээд явах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж