Кисэносато: Монгол аваргуудад баярлаж явдаг

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Кисэносато: Монгол аваргуудад баярлаж явдаг

Кисэносато: Монгол аваргуудад баярлаж явдаг

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё буюу нэгдүгээр сарын тэмцээнд гурван аварга барилдах болсон нь анхаарал татаж эхэлсэн. Учир нь өнгөрөгч 2018 онд олон башё өнжсөн аваргууд барилдаж байгаа учраас ихээхэн өрсөлдөөн гарна гэж харж байсан ч аварга Кисэносато зодог тайлах болсноо өчигдөр мэдэгдсэн юм.

Мэргэжлийн сүмо бөхийн 72 дахь ёкозүна Кисэносато Хацү башёгийн эхний гурван өдөр унасан нь түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэжээ.

Кисэносато өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө 17 жил хамт байсан хөгжөөн дэмжигч нартаа талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Намайг хурцалж, хөгжүүлж өгсөн зүйл бол ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж тэргүүтэй монгол аваргууд гэж боддог. Би тэдний бэлтгэлийг харж, барилдааныг гүйцэх гэж хичээж байсан. Үнэхээр дараалан ялагдаж, хүнд хэцүү байх үед ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж үнэтэй зөвлөгөө өгсөнд их баярлаж явдаг. Миний сэтгэлд үлдсэн барилдааны нэг бол 2017 оны Хацү башёд ёкозүна Хакүхо М.Даваажаргалыг ялсан барилдаан байлаа. Монгол бөхчүүдэд их баярлаж явдаг” гэсэн байна.

Аварга Кисэнсато Хацү башё эхлээд гурав дараалан унасан юм. Тэрбээр хоёр дахь өдөр Ичиножёо А.Ичинноровт ялагдсан бөгөөд өчигдөр зодог тайлах шийдвэрээ гаргалаа. 

 Өдгөө 32 настай аварга Кисэносато анх 2002 оны гуравдугаар сард сүмо бөхөөр хичээллэж эхэлжээ. Тэрбээр 2004 онд 18 насандаа дээд зиндаанд барилдах болсон байна. Ингээд 2012 онд озэки цолонд хүрч, 2017 оны нэгдүгээр сарын тэмцээнд 14 даваатайгаар анхны түрүүгээ авч, мэргэжлийн сүмо бөхийн 72 дахь аварга хэмээн өргөмжлөгдөх болсон. Кисэносато 1998 оноос хойш буюу 19 жилийн дараа аварга цолонд хүрсэн анхны Япон сүмоч болж, ард түмнээ баярлуулж чадсан аварга юм. Тэрбээр 2018 оны хаврын тэмцээнд дахин түрүүлсэн ч хүнд гэмтэл авч найман башё дараалан өнжиж, 2019 оны нэгдүгээр сарын тэмцээнд зодог тайллаа. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
11
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж