Саудын Арабын эмэгтэйчүүдийн эмгэнэл

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

Саудын Арабын эмэгтэйчүүдийн эмгэнэл

Саудын Арабын эмэгтэйчүүдийн эмгэнэл

Исламын шашны хатуу дэг жаягаас болоод Саудын Араб улс дахь эмэгтэйчүүдийн эрх, тэдний нийгмийн оролцоо хязгаарлагдмал байсаар ирсэн билээ. Түүгээр ч барахгүй эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцсэн олон мянган идэвхтнийг хорих, цаазаар авах зэрэг ялаар шийтгэсэн тухай CNN агентлаг мэдээлж байсан юм. Сүүлийн таван жилд тус улсын эмэгтэйчүүд жолоо барих, хөл бөмбөгийн тоглолт үзэх, сонгуульд саналаа өгөх, сонгогдох зэрэг эрхтэй болсон ч цаанаа тэдний эрхэнд халдсан маш олон зөрчил Саудын нийгэмд нуугдаж байгааг илчилсэн нь гэрээсээ оргож, Канад руу дүрвэсэн 18 настай охины хэрэг боллоо.

КУВЕЙТЭЭС КАНАД ХҮРТЭЛ

Гэр бүлийн хүчирхийлэл, исламын шашны хатуу дэг жаягаас зугтсан Саудын Арабын 18 настай охин Рахаф Мухаммед аль Күнүн өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтийн анхаарлыг татаад байсан билээ. Асар их зориг гарган, эх орноосоо зугтсан түүнийг Канад улс дүрвэгчийн статустайгаар хүлээн авсан байна. Харин өчигдөр /2019.01.15/ Торонтогийн телевизээр ярилцлага өгөхдөө өөрийгөө “Исламын шашны хатуу дэг жаягаас зугтаж чадсан азтай эмэгтэйчүүдийн нэг” гэдгээ илэрхийлжээ.

Рахаф Мухаммед аль Күнүн гэрийнхэнтэйгээ хамт Кувейт улсад аяллаар явж байхдаа оргохоор шийдэн, Тайландаар дамжин, Австрали руу нисэхээр төлөвлөжээ. Гэвч нэгдүгээр сарын 6-нд Бангкокийн нисэх онгоцны буудал дээр ирэхэд нь түүнийг Саудын дипломатууд угтан авч, гадаад паспортыг нь хураасан учраас тэрбээр хилээр нэвтэрч чадаагүй байна.

Тиймээс түүнийг Тайландын цагаачлалын албаныхан Кувейтэд байгаа гэр бүлийнхэн рүү нь буцаахаар шийдэн, дараагийн нислэг болтол транзит зочид буудалд түр байрлуулсан аж. Гэвч Мухаммед аль Күнүн бууж өгөөгүй бөгөөд явахаас татгалзан, өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжиж, эсэргүүцэл үзүүлсэн байна. Энэ үедээ тэрбээр твиттер хуудсандаа дүрвэгчийн статус олж авах хүсэлтэй байгаа, мөн исламын шашнаас болон өөрийг нь байнга хүчирхийлэн тамладаг гэр бүлээсээ зугтахад нь туслах ямар ч орон руу дүрвэхэд бэлэн байгаагаа бичсэнээр дэлхий нийтийн анхаарлыг татаж чаджээ.

Улмаар хүний эрхийн төлөөх байгууллагууд түүний дуу хоолойг Тайландын төр засагт төдийгүй НҮБ-д хүргэсэн аж. Тэд “Саудын Арабын маш олон эмэгтэй тэвчихийн аргагүй хүчирхийлэл дунд амьдардаг. Гэрээсээ зугтахыг оролдоод бүтэлгүйтсэн тохиолдолд түүнийг аймшигтай зүйл хүлээж байгаа. Тиймээс түүнийг Бангкокт үлдэхийг, эсвэл Австрали руу явуулах боломжоор нь хангах хэрэгтэй” хэмээн шаардсан байна. Саудын Арабын эмэгтэйчүүд шашнаасаа урвах, эсвэл гэр бүлийнхээ нэр хүндийг гутаасан тохиолдолд цаазаар авхуулах, эсвэл гэр бүлийнхнийхээ гарт амиа алдах тохиолдол их байдаг.

Эцэст нь НҮБ түүнд дүрвэгчийн статус олгож, хүлээн авах улс орныг хайж эхлэх үед Канад, Австрали хоёр зөвшөөрсөн бөгөөд Мухаммед аль Күнүн Канад улсыг сонгосноор өнгөрсөн Бямба гаригт /2019.01.12/ тэнд очсон байна.

“САУДЫН АРАБД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭД БАРАА МЭТ ҮЗДЭГ”

Канадад очсоныхоо дараа тэрбээр өөрийнхөө болон Саудын Араб дахь эмэгтэйчүүдийн эрхийн нөхцөл байдлын тухай ийн ярилцлага өгчээ.

Би маш азтай. Саудын Араб улсад надтай адил гэрээсээ зугтахыг оролдоод бүтэлгүйтэн, гэрийнхэндээ баригдсаны дараа ор сураггүй алга болсон, эсвэл байгаа нөхцөл байдлынхаа эсрэг юу ч хийж чаддаггүй олон эмэгтэй бий. Би гэр бүлийнхэнтэйгээ байхдаа маш их доромжлуулж, өөрийнхөөрөө байх ч эрхгүй байсан. Эцэг эх нь маш шинэлэг үзэлтэй хүмүүс биш л бол исламын шашинтай олон эмэгтэй хэзээ ч бие дааж юм хийж чадахгүй, нөхөр эсвэл эрэгтэй асран хамгаалагчгүйгээр хаашаа ч явах, юу ч хийх эрхгүй байдаг нь харамсалтай. Харин би өөрөөрөө байж, өөрийнхөө амьдралыг өөрөө шийдэн, хүссэн сургуульдаа суралцаж, хүссэн ажлаа хийж, хэн нэгнээс хараат бус амьдрахыг л хүссэн. Харин одоогоос эхлэн хүсэл, мөрөөдлийнхөө төлөө амьдрах боломжтой боллоо, хэмээн Мухаммед аль Күнүн хэлсэн байна.

Саудын Арабын “Асран хамгаалагчийн тухай хууль”-ийн зүйл заалтууд нь маш сонин. Тухайлбал, эмэгтэйчүүд хэн нэгэн эрэгтэй асран хамгаалагчийнхаа албан ёсны зөвшөөрөлгүйгээр гэрлэх, салах, ажилд орох, сонгуульд саналаа өгөх, аялах эрхгүй байдаг.

Мөн тэрбээр ярилцлагынхаа үеэр өөрийг нь энэ хүртэл явж ирэхэд нь тусалсан Канад, Тайланд болон НҮБ-т чин сэтгэлийн талархал дэвшүүлжээ.

“Би үүнээс хойш Канад эмэгтэйчүүдийн адилаар хэвийн амьдралаар амьдарч, англи хэл сурч, хүсч мөрөөдөж байсан мэргэжлээ эзэмшин, ажилд орсныхоо дараа эрх нь зөрчигдөж байгаа олон араб эмэгтэйчүүдэд туслах болно” хэмээн Мухаммед аль Күнүн хэлсэн байна.

Тэрбээр Канад улсад “Засгийн газрын дэмжлэгтэй дүрвэгч”-ийн статустайгаар ирсэн болохоор нэг жил хүртэлх хугацаанд тэтгэмж авах эрхтэй хэмээн Канадын цагаачлалын албанаас мэдээлсэн байна. Мөн тус байгууллагаас түүнд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэх, эрүүл мэндийн даатгал төлөх, цаашид амьдралаа хэрхэн амьдралаа авч явахад нь зөвлөгөө, туслалцаа үзүүлнэ гэжээ.

Сэтгүүлчид түүнээс хэрхэн ийм их зориг гаргаж, энэ хүртэл явж ирснийг нь асуухад “Надад өөр ямар ч сонголт байгаагүй” гэв. “Саудын Арабд эмэгтэйчүүдтэй эд бараа мэт харьцдаг. Би Саудын Арабын хүний эрхийн нөхцөл байдлыг илүү олон хүмүүст хүргэхийг хүсч байна. Учир нь би өөрөө бие махбод болон сэтгэл санааны асар их дарамтад амьдарч байсан. Жишээ н,ь дур мэдэн үсээ тайрснаас минь болж хагас жилийн турш гэртээ түгжигдэн, хорионд орсон юм. Гэр бүлийн гишүүд дундаас ээж, ах хоёр намайг хамгийн их хүчирхийлж, гар хүрдэг байсан” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN, BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж