Дур булаам жүжигчин Анжелина Жоли хорт хавдрын эрсдлийг бууруулахын тулд өндгөвч, үрийн хоолойгоо авахуулах мэс засалд оржээ. Эмч нар Анжелинагийн нэг өндгөвчинд жижиг хоргүй хавдар үүссэнийг илрүүлснээр хагалгаа хийхээр болсон байна. Хагалгааны дараа Анжелина Жоли “Энэ хагалгаа хөхний мэс заслыг бодвол илүү хялбар. Гэхдээ хүний биед маш ноцтой нөлөө учруулж цэвэршилтэнд хүргэдэг. Тиймээс би сэтгэл санаа, биеэ үүнд бэлдэж, эмчээс зөвлгөө авч, гормоныг нөхөж, тогтворжуулах эм бэлдмэлийг судалсан” хэмээн ярьсан байна.
Анжелина Жоли хоёр жилийн өмнө хоёр хөхөндөө мэс засал хийлгэсэн юм. Генетикийн шинжилгээгээр Анжелина Жоли хөхний хорт хавдраар өвдөх магадлал 87 хувь, өндгөвчнийх 50 хувьтай гарсан аж. Өдгөө 39 настай Анжелина Жоли жүжигчин Брэд Питт нар удаан хугацаанд хамтран амьдарсны эцэст өнгөрсөн оны наймдугаар сард хуримаа хийсэн юм. Хосууд зургаан хүүхэдтэй бөгөөд гурав нь өргөмөл аж.
Жолийн ээж өндгөвчний хорт хавдартай 10 жилийн турш тэмцсэний эцэст 56 насандаа таалал төгсчээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Huffington Post