ТАЗ-ийн гишүүнийг сонгох комиссын бүрэлдэхүүнийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

ТАЗ-ийн гишүүнийг сонгох комиссын бүрэлдэхүүнийг баталлаа

ТАЗ-ийн гишүүнийг сонгох комиссын бүрэлдэхүүнийг баталлаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2019.01.16/ 68,4 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаанаар Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах комисс байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Төрийн албаны зөвлөлийг байгуулах тухай гол асуудал орж ирлээ гэж ойлгож байна. Хэлэлцэж байгаа асуудлаас эргэлзээтэй хэдэн асуудлыг тодруулъя. Хамгийн олон жил төрд ажилласан удирдах албан тушаалтан байна гэдэг нь яг хэдэн жил төрд  ажилласныг олон гэж тодорхойлох юм бэ. Найм эсвэл 10,38  жил юм уу. Комиссын бүрэлдэхүүний гишүүдийн төрд  ажилласан жилүүдийг харахад найм эсвэл 10 жил төрд ажилласныг олон жил гэж хэлмээргүй байна. Яг ямар шалгуураар гаргаж ирсэн юм бэ. Мөн төрийн албаны зөвлөл хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй, ямар ямар төлөөллүүд байх талаар тодруулмаар байна. Төрийн албаны зөвлөлийг  хамгийн шударга хүмүүсээс бүрдүүлж сонгон шалгаруулалт нь хугацааны хувьд баримжаатай байгаасай гэж хүсч байна.  Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс сонгон шалгаруулалтыг явуулж дүнгээ нэгдүгээр сарын 22-ны дотор Байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тусгасан нь хэт шахуу байна гэдгийг хэлэв.

УИХ-ын дарга М.Энхболд:

Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын бүрэлдэхүүний долоон гишүүнийг дэмжиж байна. Тодорхой хугацаанд төрийн алба хашиж байсан хүмүүс.  Аливаа нөлөөлөлд автахгүй ажиллах боломжтой  гэж тэдэнд итгэж байна.  Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон  шалгаруулалтыг 22-нд явуулаад шууд байнгын хороонд танилцуулна гэдэг амьдрал дээр хэр хэрэгжих бол гэдэгт эргэлзэж байна. Тийм учраас Төрийн албаны зөвлөлд орохоор хүсэж байгаа хүмүүст оролцох боломж бололцоог нь чөлөөтэй хангаж өгөх үүднээс 22-ны өдөр хүртэл материалыг  бүртгэж авах саналыг тавьж байна. Төрийн албаны зөвлөлийн одоогийн ажиллаж байгаа бүрэлдэхүүн нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн төлөөллөөс бүрдсэн. Шинээр бүрдэх зөвлөлд ч гэсэн дээрх гурван газар ажиллаж байгаа хүмүүсээс нэр дэвшиж очиж ажиллах ёстой. Одоогийн ажиллаж байгаа хүмүүс нь цааш үргэлжлүүлэн ажиллах уу  эсвэл шинэ хуулийн дагуу шинээр сонгогдож ажиллах уу гэдгийг тодруулмаар байна.

 Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан:

Сонгон шалгаруулалтад оролцох  нэр дэвшигчдийг материалыг маргааш хүртэл хүлээн авна гэж зар дээрээ бичсэн байгаа юм. Нэг өдөр хүлээж авна. Зарлал бол нэлээд олон хоног явсан. 15 хоногийн өмнө хэвлэл мэдээлэлийн хэрэгсүүдэд нийтлэгдсэн.  Сонгон шалгаруулалтад орох хүмүүст мэдээлэл хангалттай хүрсэн гэж үзэж байна. Гомдол санал гарах нь гайгүй байх. Маргааш буюу нэг өдөр нэр дэвшигчдийн материалыг хүлээн авна. Баасан гаригаас эхлэн нэр дэвшигчдийг шалгана, ярилцлага авах зэрэг олон хоног үргэлжлэх учраас 22-ны өдөр давчуу байна гэдгийг  М.Энхболд, Д.Эрдэнэбат гишүүд  сая хэллээ. Төрийн албанд олон жил ажилласан хүмүүс Төрийн албаны тухай хуулиа сайн судалчихсан, сонгон шалгаруулалтын зарыг хүлээж байдаг учраас хугацааг хэдийг хүртэл тогтоохоо  комиссын гишүүд өөрсдөө шийд. Та нарын журмаар л явна. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн гэсэн гурван субъектийн төлөөллийн гишүүдийн хугацаа нь дууссанаар солигдоно. Төрийн төлөөллийн хоёр хүнээ шалгаруулдаг журмаар нь явна.

Ингээд хуралдаанд оролцсон 14 гишүүний 13 нь буюу 92.9 хувь нь дэмжсэнээр Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай Байнгын хорооны тогтоол батлагдлаа. Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах үүрэг бүхий уг комиссыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Э.Түвшинжаргалаар ахлуулан Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны ахлах референт А.Амармэнд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Дотоод аудитын албаны дарга С.Мөнхтөр, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар, Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранцэцэг, Удирдлагын академийн дэд захирал Ш.Батсүх, Жендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтов. Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тухай хуулийн зарчим, үзэл санаанд нийцүүлэн Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журмыг чанд баримтлан явуулж, дүнг Төрийн байгуулалтын байнгын хороонд  нэгдүгээр сарын 29-ний дотор ирүүлэхийг комисст үүрэг болголоо.

Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгох сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах бөгөөд төрийн албан хаагчид өөрсдөө материалаа бүрдүүлж сонгон шалгаруулалтад оролцох, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл тодорхой̆ төрийн албан хаагчийг нэр дэвшүүлж болох агаад бүртгүүлсэн албан хаагч Зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангаж буй эсэх талаар комисс санал, дүгнэлт гаргах, шалгаруулалтаар бүртгэгдсэн төрийн албан хаагчдын мэдлэг боловсролд 30, мэргэшил туршлагад 40, мэргэжил ур чадварт 30, ярилцлагад 20 хүртэлх оноогоор үнэлгээ өгөхөөр заажээ. Комисс мэдлэг боловсрол, мэргэшил туршлага, мэргэжил ур чадварын онооны нийлбэр үнэлгээгээр хамгийн өндөр оноо бүхий 10 оролцогчтой (хураангуй жагсаалт үүсгэх) төрийн албаны шинэчлэл, хүний бодлого, тэдний ур чадвартай холбоотой асуудлаар ярилцлага хийж, нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан хоёр оролцогчийн нэрийг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх бөгөөд тус Байнгын хороо нэр дэвшигч нь хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэх талаар дүгнэлт гаргаж УИХ-д танилцуулах юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж