Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, "Үйлдвэржилт 21:100" үндэсний хөтөлбөр, "Мах, сүүний анхдугаар аян", "Эрүүл хүнс-Эрүүл Монгол" хүн зорилтын хүрээнд "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-г 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ныг хүртэл ХХААХҮЯ-наас бусад оролцогч талтай хамтран амжилттай зохион байгуулсан юм.
Уг арга хэмжээний явцад малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүсээс мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан, эмийн үлдэгдэлгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан, гарал үүсэл нь баталгаажсан малын махыг хүнсний хэрэгцээнд гаргасан, нядалгааны үеийн болон нядалгааны дараах гэмтэлгүй, тордолт хийсэн арьс ширийг үндэсний боловсруулах үйлдвэрт нийлүүлж ирлээ.
Сар хагасын хугацаанд үргэлжилсэн "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ" үр дүнгийн хурлаа оны өмнө (2018.12.20) хийж, энэ хугацаанд гарсан ололт, амжилт, алдаа дутагдлаа ярилцан, цаашид анхаарах асуудлаа хэлэлцсэн.
Ийнхүү энэ оноос малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоонд улс орон даяар шилжүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Мал эмнэлгийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн бирж ХХК, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар зэрэг төрийн байгууллагатай хамтран бэлтгэл ажлыг хангаж байна.
Мөн Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл, Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл, Монголын махны холбоо, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, мал төхөөрөх үйлдвэр, томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүд зэрэг олон талыг татан оролцуулж байгаа юм.
Түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлэх, малын гаралтай нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоонд шилжсэнээр мах бэлтгэлийн тогтолцоо сайжирч, гарал үүсэл нь баталгаажсан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, чанар, стандартын шаардлагад нийцсэн махыг хэрэглэгчдийн гарт, чанартай түүхий эдийг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлэх боломжтой болж, махны үнэ болон малчдын орлого тогтворжно гэж үзэж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Холбоотой мэдээ