Дорноговь аймгийн Хамрын хийдээс зүүн хойш 7 км газарт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Даблью Эс Жи Эл" компани үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлаа хангаж, техник хэрэгслээ байршуулж эхэлсэн тухай мэдээлэл цацагдаад байгаа. Учир нь тус компанид 40 жилийн хугацаатай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байдаг юм. Энэ асуудлыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Тамираас тодрууллаа.
-Хамрын хийд бол түүх соёлын дурсгалт газар төдийгүй аялал жуулчлалын бүс. Энд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгосноос үүдэн өнөөдөр "Даблью Эс Жи Эл" компани хайгуулын үйл ажиллагаа явуулаад эхэллээ. Ямар үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгосон юм бол?
–Хамрын хийд буюу энергийн төвийг 2014 онд тусгай хамгаалалтад авахаас өмнө буюу 2007 онд “АОЛК” ХХК-д анх ашигт малтмалын лиценз олгосон юм билээ. Тус компани "Даблью Эс Жи Эл"-д лицензийг шилжүүлсэн. Тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны газрын дарга л зөвшөөрөл олгосон болохоор тодорхой мэдэхгүй байна. Тэр үед энергийн төв аялал жуулчлалын бүс болоогүй хоосон тал байсан байх магадлалтай. Гэхдээ одоо БНХАУ-ын "Даблью Эс Жи Эл" компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн талаарх мэдээлэл алга байна.
-Лицензийг олгосноос хойш 12 жилийн дараа тусгай зөвшөөрөлтэй газарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь анхаарал татаж байна?
– Анх 2007 онд ашигт малтмалын лицензийг олгосон ч Ашигт малтмал Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны наймдугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн Өргөн, Эрдэнэ сумын нутагт Хар тал нэртэй А-12923 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Дараа нь 2017 онд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.13-ны 128/ШШ/20174/0466 шийдвэрийг үндэслэн Ашигт малтмал, Газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017.07.19-ний 404 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн.
-Аймгийнх нь Засаг даргын Тамгын газраас энэ үйл ажиллагааг эсэргүүцэж, цуцлуулна гэдэг зүйл яриад байгаа. Ямар нөхцөлд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгодог вэ?
-Ашигт малтмалын тухай хуулиар лицензийг цуцлах үндэслэлүүд бий. Хуулиар тусгай хэрэгцээнд газар авсан бол нөхөн олговрын асуудал яригддаг. Нөхөн олговрыг жишээ нь, Засгийн газар, эсвэл тухайн аймаг, сумын удирдлага гэх мэт зөвшөөрөл гаргасан газраас шийдсэнээр лицензийг хүчингүй болгох боомжтой. Хэрэв үүнийг шийдээгүй бол тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй гэсэн үг.
-Сайншанд, Өргөн, Эрдэнэ сумын нутагт Хар тал нэртэй А-12923 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хоёр хувааж, "Даблью Эс Жи Эл" болон “Олон ихт баян”ХХК-д тус бүр олгосон байсан?
–Сайншанд, Өргөн, Эрдэнэ сумыг дамнасан нийт 25.277.04 га талбай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2007 онд олгосон. Энэ газрыг одоогоор хоёр хэсэг болгон Сайншанд, Өргөн, Эрдэнэ сумын нутагт Хар тал нэртэй А-12923 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хоёр хувааж, МV-020873 дугаартай Хар тал нэртэй 16301,21 га талбайг “Даблью Эс Жи Эл” ХХК-д 2018 оны зургадугаар сарын 13-нд шилжүүлсэн. Мөн “Олон ихт баян” ХХК-д 2018 оны арваннэгдүгээр сарын 22-нд МV-021248 дугаартай “Хар тал” нэртэй 8921,23 га талбайг шилжүүлсэн.