Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмлээ

Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр болж тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэх талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. 

ИРЭХ САРААС ТЭТГЭВРИЙГ 7.6 ХУВИАР НЭМНЭ

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр болон цэргийн алба хаасны тэтгэврийг 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс нэмэхээр шийдвэрлэлээ.

Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 269 мянган төгрөг болж байна. 408 мянга гаруй иргэний тэтгэвэр 24-30 мянган төгрөгөөр нэмэгдэж, дундаж тэтгэвэр 372 мянган төгрөг боллоо.

Мөн хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр 155 байсныг 174 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг сард 76 мянган төгрөг байхаар тогтлоо.

Нийгмийн халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, тэжээгч нь нас барсан хагас, бүтэн өнчин хүүхэд гээд халамж зайлшгүй шаардлагатай 60 орчим мянган хүн авдаг.  16 хүртэл насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж олгож байгаа бөгөөд үүнд 11 мянган хүүхэд хамрагдаж байна.

Байнгын асаргаа шаардлагатай иргэн, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асарч байгаа 61 мянга гаруй хүн асаргааны тэтгэмж авдаг юм.

Хуралдаанаар эрүүл мэнд, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн баталлаа.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ НАЙМАН ХУВИАР НЭМЛЭЭ

2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан найман хувиар нэмлээ. Мөн эмч, багш нарын цалинг 20 хүртэл хувиар, дүүрэг, сум, хороо, багийн Засаг дарга, нийслэл, аймаг, дүүрэг, сумын Засаг даргын орлогч нарын цалинг найман хувиар нэмлээ.

Эмч, багш нарын цалинг өнгөрсөн онд 9.6 хувиар нэмсэн бөгөөд энэ удаагийнхтай нийлээд 30 орчим хувиар нэмэгдэж байна. Төрийн албан хаагчдын цалин 2018 оны байдлаар 804 мянган төгрөг байсан бол одоо 916 мянган төгрөг болж нэмэгдлээ.

Цалин нэмэхдээ:

  • Инфляцийн түвшинтэй уялдуулах
  • Өнгөрсөн онд цалин нь нэмэгдээгүй төрийн зарим албан хаагчийн цалинг тодорхой хувь, хэмжээгээр өсгөн тооцох
  • Эрүүл мэндийн болон боловсрол, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн зөрүүг арилгах
  • Эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний салбарын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоож, эмч, багш нарын цалинг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэн тооцох
  • Нийт төрийн албан хаагчийн цалинг нэмэх гэсэн зарчмыг баримталсан байна.

ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО

Томуу, томуу төст өвчтэй, тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээрээ 3-5 хоног асарсан эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгалаа. Өнөөдрөөс гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл мөрдөх энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагад уриалав.

Мөн өрхийн эрүүл мэндийн төвийг өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл бямба гараг бүрт ажиллуулахыг Эрүүл мэндийн сайд болон бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.

ДАГУУЛ ХОТЫГ ХӨГЖҮҮЛНЭ

Нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулж, агаарын бохирдлыг бууруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон Олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орж байгаатай холбогдуулан дагуул хотыг хөгжүүлэх талаар хэлэлцэн шийдвэр гаргав.

Энэ дагуу Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Аэросити, Зуунмод хот, Майдар хотыг Улаанбаатар хотын дагуул хот гэж тусган хөгжүүлэхээр боллоо.

“Майдар хот” төслийн хүрээнд хийсэн хот төлөвлөлтийн суурь судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг холбогдох норм, дүрэмд заасны дагуу хүлээн авах, Улаанбаатар хот болон Олон улсын шинэ нисэх буудлыг даган хөгжих шинэ хотын ерөнхий төлөвлөгөөний тодотгол, Зуунмод хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан батлуулж, хэрэгжүүлэхийг холбогдох сайд, дарга, албан тушаалтанд үүрэг болгов.

Зуунмод, дагуул хотод амьдрах иргэдэд шаардлагатай төрийн үйлчилгээ, засаг захиргааны бүтэц бий болгох, эдийн засгийн болон татварын бодлогын бүс байгуулах санал боловсруулж танилцуулахыг  даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж