Перуд болж буй авто спортын “Дакар Ралли 2019” уралдаан өндөрлөхөд хоёр өдрийн гараа үлдлээ. Өчигдөр /2019.01.15/ найм дахь гараа болж, автомашины төрөлд оролцож байгаа Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар бариандаа амжилттай орлоо.
Найм дахь гараа мөн бартаа ихтэй урт зам байсан бөгөөд элс, манхан, хайрга шороотой замд уралдаан үргэлжилсэн байна. Манай тамирчид замаа 06:48:82 цагийн үзүүлэлттэй 42-р байраар барианд оржээ. Ингэснээр найман гарааны нийлбэр дүнгээр авто ангилалд 33-р байрт бичигдэж байна.
Найм дахь гарааны дараа барианд орж ирсэн тамирчид сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
“Dakar 2019 Team Mongolia” багийн ахлагч, чиглүүлэгч Ө.Бямбадэлгэр “Өдрийн халуун наранд ойрхон давтамжтай хоёр удаа ремен тасарлаа. Бүгчим, +40 градуст өдөржин явбал ременгүй болох юм байна. Найм дахь гараа их хол гараа боллоо. Уралдааны зам дүүрэн элс байна. ”
Жолооч Ө.Бямбацогт “Найм дахь гараагаа амжилттай дуусгалаа. Өтгөн манан дунд гараанаас гарсан болохоор 40-50 км орчим үзэгдэх орчин хязгаарлагдсан байдалтай байсан. Зам маш осолтой байлаа. Эхний 100 км-т замаа бараг бүрэн харж чадахгүй болсон. Элсэн манхан нь өндөрлөг талдаа юм. Машинууд бөөндөө явлаа. Бусад өрсөлдөгч нартайгаа хэсэг бөөндөө явцгаалаа. Бид хэсэг хугацаанд кроссын уралдаан шиг л уралдлаа. Ремен хэд хэд тасарсан ч машинд асуудал байхгүй. Одоо хоёр уралдаан үлдсэн учраас цагаа харж байгаад яаж уралдахаа шийднэ” гэсэн байна.
“Дакар Ралли 2019” уралдаан өндөрлөхөд хоёр өдрийн гараа үлдсэн ч замын дундаас олон тамирчид гарлаа. Монголоос мотоциклийн төрөлд оролцсон Н.Лхамаа зургаа дахь гарааны дараа цааш өрсөлдөх боломжгүй болсон мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл өчигдрийн гарааны үеэр энэхүү уралдаанд амжилттай оролцож байсан хэд хэдэн тамирчин замаа дуусгах боломжгүй болжээ. Мотоциклын ангилалд түрүүлж явсан “Хонда” багийн тамирчин Ricky Brabec-н хөдөлгүүр эвдэрч замаа зогсоохоос аргагүй байдалд орсон байна. Тэгвэл Австралийн тамирчин Тоби Прайс найм дахь гарааг гуравдугаар байраар дуусгаж, нийлбэр дүнгээр тэргүүлж эхэлжээ. Мөн автомашины ангилалд ч олон тамирчин замаас гарсан тохиолдол бүртгэгдээд байна.
Перу улсын нутаг дэвсгэрт 10 өдрийн турш болох “Дакар Ралли 2019” уралдаан найман гараагаа амжилттай дуусгалаа. Өнөө шөнө ес дэх гараа болж, сүүлийн гараанд тамирчид бэлдэж эхлэх юм.
“Дакар Ралли 2019” уралдааныг NTV телевиз болон сэтгүүлч Б.Онон нар мэдээлж байгаа билээ. Бичлэгийг Dakar 2019- Team Mongolia фэйсбүүк хуудсаас үзнэ үү.
Холбоотой мэдээ