Францын ард иргэд Засгийн газрынхаа бодлого шийдвэрийг эсэргүүцэн“шар хантаазтны жагсаал”-ыг орон даяар хоёр сарын турш өрнүүлээд байгаа билээ. Жагсаал, хөдөлгөөнийг зогсоож, тэмцэгчдийн уур хилэнг намдаах зорилгоор олон арга хэмжээ авсан боловч тусыг эс олсон Ерөнхийлөгч Э.Макрон Үндэсний их хэлэлцүүлэг өрнүүлж, асуудлаа нээлттэй ярилцан шийдвэрлэхээр болсон юм. Гурван сарын турш үргэлжлэх тус хэлэлцүүлгийг өчигдөр /2019.01.15/ албан ёсоор эхлүүлжээ.
Тэрбээр орон даяар хийх Үндэсний их хэлэлцүүлгийн аяллаа Норманд мужийн Гранд Бургтерульд хотоос эхэлж, хотын дарга, төрийн албан тушаалтнууд болон иргэдтэй уулзаж, бодлого төлөвлөгөөгөө танилцуулан, санал шүүмжийг нь сонсчээ. Орон даяар өрнөх хэлэлцүүлгийн үеэр “шар хантаазтнууд”-ын хүсч буй улс төр эдийн засгийн тулгамдсан асуудлуудын талаар ярилцах боломжтой юм. Тухайлбал, өчигдрийн уулзалтын үеэр орон нутгийн удирдлагууд тэтгэврийн насны хүмүүс болон төрийн албан хаагчдын худалдан авах чадвар жилээс жилд буурч байгаа асуудлыг дэвшүүлэн тавьжээ.
Тус хэлэлцүүлэгт ард иргэдийг өргөнөөр оролцохыг уриалсан нээлттэй захидлыг Э.Макрон энэ долоо хоногт бичиж, сонин хэвлэлээр мэдээлсэн билээ. Хэлэлцүүлгийг хот тосгодод очиж, хийхээс гадна цахим орчинд өрнүүлэх аж. Тэрбээр хэлэлцүүлэх гол асуудлаар татвар, төрийн үйлчилгээ, уур амьсгалын өөрчлөлт, ардчилал зэргийг нэрлэсэн байна.
Э.Макрон Францын Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа хойш уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулсан ч ард иргэдийнхээ эсэргүүцэлтэй тулгарчээ. Учир нь түүний хэрэгжүүлж буй ажлууд хэтэрхий өндөр өртөгтэй байгаа нь татвар төлөгчдийн нуруун дээрх ачааг улам хүндрүүлж байгаа аж. Харин Үндэсний их хэлэлцүүлэг өрнүүлснээр цаашид хэрэгжүүлэх ажлуудаа олон нийттэй зөвлөлдөх төдийгүй эрс буурсан үзүүлэлттэй байгаа Ерөнхийлөгчийн нэр хүндээ сэргээх оролдлого бололтой.
Анх шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцсэнээр эхэлсэн“Шар хантаазтны жагсаал” нь долоо хоног бүрийн Бямба гаригт зохион байгуулагдаж байгаа бөгөөд явцын дунд зорилго нь илүү өргөн хүрээг хамрах болсон байна.
Эх сурвалж: voanews.com
Холбоотой мэдээ