"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нийцүүлэн гүтгэлгийг зохицуулах нь" хэлэлцүүлэг өнөөдөр /2019.1.16/ боллоо. Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс санаачлан зохион байгуулж буй энэ удаагийн хэлэлцүүлгээр гүтгэлгийг Зөрчлийн хуулиар зохицуулж байгаа нь оновчгүй, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эрхэнд халдсан, цаашлаад иргэдийн мэдэх эрхэнд халдсан ноцтой үр дагавруудыг дагуулж байна гэдэг асуудлыг хөндлөө.
Дээрх асуудалтай холбогдуулж Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаагаас дараах тодруулгыг хийлээ.
-Гүтгэлэгтэй холбоотой асуудлыг Зөрчлийн хуулиар шийдвэрлэж байгаагийн эсрэг дуугарч байгаа олон газрын ажлын хэсэг байгаа. Энэ ажлын хэсгүүд нэгдэж ямар ажил хийж байна вэ?
-Хэвлэл мэдээллийн зөвлөл Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээс эхлэн дуу хоолойгоо илэрхийлж байгаа. Учир нь уг хууль нийтийн эрх ашгийн төлөө дуугардаг сэтгүүлчдийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халтай байна. Тиймээс манай зүгээс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нийцүүлэн гүтгэлгийг яаж шийдвэрлэвэл оновчтой талаар гаргалгаа хайсан хэлэлцүүлгийг шүүгч нар болон сэтгүүлчдэд удаа дараа зохион байгуулсан. Хэлэлцүүлгээр Зөрчлийн хуулиар шийдэгдсэн хэргүүд дээр анализ хийж, үр дүнгийн талаар ярилцдаг. Цаашлаад хуулийн гаргалгаа, илүү зөв шийдлийг хайх, одоо мөрдөж байгаа хуулийг зөв ашиглах үр дүнг хайж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж, гүтгэлэгтэй холбоотой асуудлыг Зөрчлийн хуулиар шийдвэрлэж байгаагийн эсрэг шаардлагаа хууль зүйн ажлын хэсэгт өгсөн.
-Гүтгэлгийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэснээс хойш хэчнээн хэрэг бүртгэгдээд байна вэ?
-Зөрчлийн хууль 2017 оноос хэрэгжсэн. Цагдаагийн газраас гаргасан мэдээллээр гүтгэлэгтэй холбоотой 190 гаруй сая төгрөгийн торгууль оноосон байдаг. Гүтгэлэг гэдэг нь үзэл бодлоо илэрхийлж, хэвлэн нийтэлсний төлөө үүсэж байгаа зүйл. Үүнд иргэн болон сэтгүүлч хамаарч байгаа.
-Асуудлыг шийдвэрлэх гол арга юу вэ?
-Хэвлэл мэдээллийн зөвлөлийн баримталж байгаа гол зүйл нь сэтгүүлчтэй холбоотойгоор үүсэж байгаа зөрчил маргааныг өөр төвшинд авч үзэх шаардлагатай гэж үзэж байгаа. Учир нь, сэтгүүлчид нь нийтийн эрх ашгийн төлөө баримт дээр үндэслэн мэдээлдэг. Хэвлэл мэдээллийн редакц, сэтгүүлчийг нэр төрд халдлаа гэж үзэж байгаа бол үүнийг цагдаа шийддэг биш шүүгч шийддэг байх ёстой.
Мөн хэвлэл мэдээллийн салбар нь гүтгэлэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх өөрийн зохицуулалтай. Салбар дотроо ёс зүйн кодын хүрээнд асуудлыг шийдвэрлэж, хэрэв алдаа гаргасан бол түүнийг засдаг. Мэргэжлийн хэмжээний алдааг заавал хуулиар, тэр дундаа Зөрчлийн хуулиар шийдвэрлэх шаардлагагүй юм. Тиймээс гүтгэлгийн асуудлаар гомдол гаргаж байгаа иргэдэд хандаж хэлэхэд Хэвлэл мэдээллийн зөвлөлд хандсанаар гомдлыг тань ямар нэгэн төлбөргүйгээр хүлээн авч, цаг хугацаа алдалгүйгээр ёс зүйн хороогоороо ярилцаад асуудлыг шийдвэрлэж байгаа.
-Ёс зүйн хороогоор хэчнээн маргааныг шийдвэрлээд байна вэ?
-Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдсан цагаас хойш, гурван жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн гүтгэлэгтэй холбоотой 240-өөд хэргийг шийдсэн байдаг. Хэвлэл мэдээллийн зөвлөл байхгүй байсан бол ийм хэмжээний хэрэг Зөрчлийн хуулиар шийдэгдэж, торгуулийн хэмжээнд очих байлаа.
ГҮТГЭЛГИЙГ ЦАГДАА БИШ ШҮҮХ ШИЙДДЭГ БОЛГОХООР ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нийцүүлэн гүтгэлгийг хэрхэн зохицуулах талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайханаас тодруулахад дараах зөвлөгөөг өглөө.
- Үндсэн хуулийн 16.16-д зааснаар Монгол Улсын иргэн нь “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрх чөлөөтэй. Мөн хуулийн 16.17. …мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Тиймээс Үндсэн хуулиа зөв тайлбарлах шаардлагатай байна.
- Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлох гэмт хэргийг сэргээхийг тууштай эсэргүүцэх
- Иргэний хуулийг үзэл бодлоо илэрхийлэх эрхэд нийцүүлэн шинэчлэх
- Гүтгэлгийг цагдаа биш шүүх шийддэг болгохоор Зөрчлийн тухай хуулийг өөрчлөх
- Шүүх нь үндсэн эрхэд нийцүүлэн хуулийг тайлбарлах, тохирохуйн зарчмыг хэрэглэх
- Зөрчлийн тухай хуулийн 6.21-ийг зөв тайлбарлах, Явцуу, факт ба үнэт зүйл, шударга бичлэг, нийтийн ашиг сонирхлын асуудал…
- Гүтгэлэгтэй холбоотойгоор буруутгагдвал өмгөөлөгч авах, шүүхэд гомдол гаргах хэрэгтэй
Холбоотой мэдээ