Долларын ханш энэ оны эхний хоёр сарын байдлаар тогтмол өсөлттэй гарлаа.
Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг 1995-1998 төгрөгөөр авч байна. Харин “Найман шарга” валютын зах дээр ам.долларын ханш 1993 төгрөгтэй тэнцэж буй юм. Тэгвэл Монголбанкны хаалтын ханш 1986 төгрөг байна.
Гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцэж, нүүрсний орлого энэ оны эхний хоёр сарын байдлаар 1.7 хувиар унасан, зэсийн ханш дэлхийн зах зээлд өсөхгүй байгаа нь долларын ханшид сөргөөр нөлөөлсөөр байна. Долларын ханшийг тогтоох ганц арга бол хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Дотоодынхоо нөөц бололцоог ашиглах явдал.
Харамсалтай нь, Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар багагүй чармайлт гаргаж буй ч дотогшлох долларын урсгалыг сэргээж чадахгүй байна. Хөрөнгө оруулалт муудсан шалтгаан нь төр засгийн бодлого, хүнд суртал, популизм гэж харах хүмүүс бий. Ямар ч байсан зарим арилжааны банкуудын зарласан валютын ханшийг харахад долларын ханш 2000 төгрөг хүрэхэд ердөө хоёрхон төгрөг үлдлээ. Ийнхүү доллар өдрөөс бус, цагаар өсч байна.
Ханшийн зөрүүнээс багагүй мөнгө саагаад сууж байгаа улстөрчид минь одоо хувийн эрх ашгаа хойш тавиад улс орныхоо эрх ашигт анхаарлаа хандуулбал яасан юм бэ. Доллар олж ирсэнгүй хэмээн өмнөх засгаа буруутгаж байсан өнөөдрийн засгийнхан мөнгө олох талаар ингэхэд ямар арга хэмжээ авч байгаагаа тайлбарлах цаг болжээ.
Долларын ханшийг тогтоох ганц арга бол хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Дотоодынхоо нөөц бололцоог ашиглах явдал.
Доллар орж ирдэг ердөө дөрөвхөн суваг байдаг
Нэгдүгээрт, эрдэс баялагийн экспортоос. Дэлхийн зах зээл болон дотоодын бодлогоос шалтгаалан эрдэс баялагийн экспортын орлого муудсан.
Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалт. Харамсалтай нь гадаадын хөрөнгө оруулалт энэ оны эхний хоёр сарын байдлаар тэгтэй тэнцсэн.
Гуравдугаарт, зээл авах. Нэг таатай мэдээ бол, Өрийн удирдлагын тухай хуулийг баталснаар Засгийн газрын зээл авах чадавх нэмэгдсэн. Гэхдээ Монгол Улсын зээлжих зэрэглэл –B болсон.
Дөрөвдүгээрт, дотоодын нөөц бололцоогоор гудсан дор нуусан хөрөнгийг илрүүлэх. Ирэх хаврын чуулганаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байгаа ч, хууль батлагдах магадлал бага. Учир нь УИХ дахь МАН бүлгээс энэ хуулийн зарим нэг заалтыг эсэргүүцэх болсон билээ.
КРЕДИТ банк | 1,984.00 | 1,995.00 |
Голомт | 1,988.00 | 1,997.00 |
ХХБанк | 1,986.00 | 1,997.00 |
ХААН | 1,985.00 | 1,997.00 |
Капитал банк | 1,987.00 | 1,997.00 |
Төрийн банк | 1,986.00 2.00 | 1,997.00 |
Капитрон | 1,984.00 | 1,998.00 |
Б.ХОНГОР