Засгийн газрын өнөөдөр /2019.01.16/-ийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх зэрэг дөрвөн багц асуудлаар шийдвэр гаргалаа. Тэтгэврийг хоёрдугаар сарын 1-ээс нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. Ингэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмж 310 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 270 мянган төгрөг болгохоор тогтоожээ. Бүрэн тэтгэврээс бусад тэтгэвэр авагчдын тэтгэврийг 24 мянган төгрөгөөр тус тус нэмсэн байна. Тэтгэврийн дундаж хэмжээ 372 мянган төгрөг болж байгаа юм. Хоёрдугаар сарын 1-ээс эхлэн тэтгэврийг нэмэгдсэн дүнгээр нь олгоно. Нийгмийн халамжийн тэтгэврийг мөн нэмэгдүүлж байна. Зайлшгүй төрөөс халамж, асрамж авах шаардлагатай байдаг учраас халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхдээ доод хэмжээг 155 мянган төгрөг байгааг 174 мянган төгрөг байхаар тогтоосон байна. Үүнийг мөн 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэх юм байна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийсэн юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:
-Засгийн газрын 2019 оны улсын төсөвт төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхээр 267 тэрбум төгрөг тусгасан. МҮЭХ, АОЭХ болон Засгийн газар хамтарсан гурван талт хэлэлцээрийн хүрээнд 2019 төрийн албан хаагчдын цалин үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэсэн хэлэлцээр хийсэн. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд эдийн засагт гарсан өөрчлөлт, өсөлт нөлөөлж буйг тодотгож байна. Засгийн газар 2019 оны иргэн төвтэй төр болгон зарласан бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй хүргэхэд цалин нэмэх асуудал түлхэц болно гэж бодож байна. 2019 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд нэгдүгээр сарын 1-ээс эхлэн 191 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ. Тодруулбал, 191 мянган төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэгдүүлж, 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлнэ. Мөн 2018 оны есдүгээр сарын 1-ээс багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын цалинг нэмсэн. Энэ үеэр цалин нь нэмэгдээгүй албан хаагчдын цалинг мөн найман хувиар нэмэгдүүлж тооцож байгаа. Өөрөөр хэлбэл, 2018 оны есдүгээр сарын 1-ээс цалин нь нэмэгдээгүй албан хаагчдын цалин 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн 16 хувиар нэмэгдэж байна гэсэн үг. Түүнээс гадна 2014 онд төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэхдээ эрүүл мэндийн салбар, боловсролын салбарынхны цалинг тодорхой зөрүүтэй байсан гэж шүүмжилдэг. Тиймээс энэ зөрүүг арилгаж, боловсролын салбарт ажиллагсдын цалин 12,3 хувиар нэмэгдэж байгаа юм. Сүүлийн хоёр жил төрийн албан хаагчдын ажлын нөхцөл, ачаалал, ур чадварт суурилж цалингийн тогтолцоонд шилжихийг зорьж байгаа. 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс багш, эмч нарт ажлын байранд хийсэн судалгааг үндэслэж, цалинг тооцож явна. Үүний хүрээнд багш, эмч нарын цалин 20 хувиар нэмэгдэх боломжтой. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр дундаж цалин 916 мянган төгрөг болж, 2016 оныхоос 21,6 хувиар, 2018 оныхоос 13,9 хувиар нэмэгдэж байгаа юм байна.
Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
–Цалингийн дундаж 900 гаруй мянган байна. Засгийн газрын өнөөдрийн шийдвэр хувийн хэвшлийг хөлдөө чирсэн шийдвэр биш үү. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, валютын ханш зэрэг олон эрсдэлүүдийг яаж тооцсон юм бэ?
-Засгийн газрын цалин нэмэх шийдвэр инфляцтай уялдуулж гаргаж байгаа шийдвэр. Инфляцын түвшинд сөргөөр нөлөөлөх нөлөөлөл нь бага гэж тооцож байгаа. Нөгөө талаас Засгийн газар холбогдох яамд хамтран шатахууны үнэ бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байгаа учраас инфляцын түвшинд эергээр нөлөөлөх байх гэж бодож байна. Хувийн хэвшилд ажиллагсдын цалин нэмэгдүүлэх асуудал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчилж байх хуультай. Өнгөрсөн намар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган байсныг 320 мянган төгрөгт хүргэсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарууд ҮЭ-ийн байгууллагуудтай хэлэлцээр хийж, салбарын хэлэлцээгээр шийдвэрлэх хуультай. Тиймээс энэ чиглэлээр хууль эрх зүйн орчны хүрээнд ажиллаад явах байх.
-Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг яагаад хоёрдугаар сарын 1-ээс гэж тооцсон юм. Нэгдүгээр сарын 1-нээсээ тооцоод явах боломжгүй юм уу?
-Тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой эх үүсвэрийн дутагдал байгаа юм. Тиймээс хоёрдугаар сарын 1-ээс тооцож байгаа юм.
-2019 оны нэгдүгээр сарын 1-ээс нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ удаагийн цалингийн нэмэгдэл үр дүнгүй юм биш үү?
-Нийгмийн даатгалын шимтгэл ажил олгогч 0,5 хувь, ажилтан 0,5 хувиар нэмэгдэж байгаа бөгөөд нийт дүнгээрээ нэг хувиар нэмэгдэж байгаа. ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн асуудал. Цалингийн найман хувиар нэмэгдэж байгаа учраас нэг хувийн шимтгэлтэй харьцуулахад үр дүнгүй гэж хэлж болохгүй байх.
-0-5 настай хүүхэдтэй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгоно гэдэг асуудлыг гурван яам хамтран хэлэлцэж байгаа гэсэн үү?
-Эрүүл мэндийн яам, Сангийн яамтай болон манай яам хамтраад судалж байна. Шаардлагатай бол ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулна. Өмнө нь хоёр ч удаа ийм арга хэмжээ авч байсан учраас судлаад дараагийн Засгийн газрын хуралдаанаар оруулна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ