УИХ-ын гишүүн Ж.Батзандан ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр хоёр чухал хуулийн төсөл өргөн барих болсон тухайгаа дуулгалаа.
Олон жилийн өмнөөс авч эхэлсэн МҮОНРТ-ийн хураамжийг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж өргөн барьсан. Төсвөөс 7 тэрбум төгрөг авдаг атлаа иргэдээс ийнхүү хураамж авдаг нь шударга бус хэрэг гэж үзэж үүнийг таслан зогсоохоор Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төсөл боловсруулаад байгаа аж.
Мөн УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд чуулган, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанд оролцдоггүй, хуралдааныг хүндэтгэх шалтгаангүйгээр тасалдаг гишүүдийг эгүүлэн татах, хуралдаа нэг минут хоцорч ирсэн бол 100 мянган төгрөгөөр торгох зэрэг заалттай хуулийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ.
Ж.Батзандан гишүүн хэлэхдээ “Улс төрчдийн хариуцлага, сахилга баттай холбоотой дүрэм журам цөөнгүй байдаг ч хэрэгждэггүй. Дэгийн тухай хуульд бусдын өмнөөс кноп дарвал хэрхэх, ямар хариуцлага тооцох талаар тодорхой тусгаагүй байдаг учраас үүнийг тодорхой болгох шаардлагатай. Бусдын өмнөөс кноп дардаг, хуралдаа согтуу ирдэг, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон цагаар хуралдааныг тасалдаг явдлыг сонгогчдоо доромжилсон хэрэг гэж үзэж байна. Улс төрчдийн хариуцлагагүй байдлыг таслан зогсоохын тулд Дэгийн тухай хуульд гишүүнийг эгүүлэн татах, Захиргааны зөрчлийн тухай хуульд сонгогчийн эрхэд халдсан улс төрчдөд хариуцлага тооцдог болох талаар ажиллаж байна” гэв.