Сүхбаатарын талбайн урд хэсэг 200 машины багтаамжтай зогсоолд иргэд жагсаал зохион байгуулаад зургаа хонож байна. Тэд тус зогсоолд 35 гэр барин, Төрийн ордны өмнө суулт хийж байгаа билээ. Хэрвээ тэдний тавьсан шаардлага биеллээ олохгүй бол иргэд 200 гэр барин, суулт хийхэд бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа юм. Одоо байгаа 35 гэрийн тавыг нь УИХ-ын гишүүд авч өгсөн бол үлдсэн 30 гэр нь ард түмний хандиваар боссон гэх.
Тэгвэл Сүхбаатарын талбайн урд хэсэгт төлбөртэй автомашины зогсоолд гэр барин, туг, далбаа хатган жагсаал зохион байгуулахад хэчнээн төгрөг шаардлагатай талаарх сонирхолтой баримтыг хүргэе.
Талбай дээр нийт 35 гэр байна. Үүний ихэнх нь таван ханатай гэр. Таван ханатай гэр ойролцоогоор 1 сая 500 мянган төгрөг, дөрвөн ханатай гэр ойролцоогоор 1 сая 300 мянган төгрөг гэж үзвэл 35 гэр нь ойролцоогоор 45-52 сая төгрөг болж байгаа юм.
Жагсаалыг 200 автомашины багтаамжтай төлбөртэй зогсоолын талбай дээр хийж буй.
Тус төлбөртэй зогсоол нь
- Автомашин 30 минут нь – 500 төгрөг
- Автобус – 2000 төгрөг
- Торгууль – 30 мянга /хонуулсан тохиолдолд/ тарифаар иргэдэд үйлчилдэг.
Тэгвэл тус зогсоолд зургаа хоногийн туршид ганц ч машин зогсоогүй юм.
Өдөрт 200 автомашины багтаамжтай тус зогсоолын 24 цагийн орлого нь 4.8 сая төгрөг болно. Харин торгуулийн орлого нь зургаан сая төгрөг болно. Ингээд тооцвол зургаан өдрийн орлого нь ойролцоогоор 26 сая 880 мянган төгрөг.Үүн дээр ойролцоогоор торгуулийн 36 сая төгрөгийн орлогыг нэмж болох юм.
Үүнээс гадна, гэр тус бүр дээр Монгол Улсын далбааг хаджээ. Монгол Улсын далбаа тус бүрийн дүнг ойролцоогоор 50 мянган төгрөг гэж тооцвол 1 сая 750 мянган төгрөг болно.
Сүхбаатарын талбайн урд хэсэг 200 автомашины багтаамжтай автомашины зогсоолын талбайд гэр барин, туг, далбаа хатган зургаан өдөр жагсаал зохион байгуулахад нэг өдрийн зардал нь ойролцоогоор 53 сая 750 мянган төгрөг болж байгаа бол зургаан өдрийн жагсаалын төлбөр ойролцоогоор 116 сая 630 мянган төгрөг болж байна. Хэрвээ жагсаал цаашид үргэлжилбэл дээрх мөнгөн дүн ч нэмэгдэх юм.
А.АНИР
Холбоотой мэдээ