БНХАУ-ын Шанхай хотод энэ сарын 25-29-ний өдрүүдэд уран гулгалтын насанд хүрэгчдийн ДАШТ болно. Тэмцээнд эрэгтэй 30, эмэгтэй 36 тамирчин, хосын төрөлд 19, бүжгийн төрөлд 30 хос өрсөлдөх юм.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд “Сочи-2014” олимпийн аварга Юзүрү Ханю, олимпийн хүрэл медальт Казахстаны Денис Тен, ОХУ-ын Максим Ковтун нарын олон шилдэг гулгагчид оролцож байна.
Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд “Сочи-2014” өвлийн олимпийн наадмын медальтнууд энэ удаагийн ДАШТ-д оролцохгүй юм.
Олимпийн аварга ОХУ-ын Аделина Сотникова бэртлийн улмаас Шанхайд ирээгүй бол Японы Мао Асада ч спортоосоо түр хөндийрөөд байна.
Харин ОХУ-ын залуу гулгагчид энэ удаагийн ДАШТ-ий чимэг байх болов уу. 16 настай Елена Радионова, Анна Погорилая болон 18 настай Елизавета Туктамышева нарын хувьд хоёр сарын өмнө болсон Европын аваргад бүгд медалийн тавцанд зогссон билээ. Хэдийгээр Сочид гялалзсан баатрууд энэ удаагийн ДАШТ-д оролцохгүй ч залуу гулгагчдаасаа ихийг харж байна.
Тэмцээний хөтөлбөрийг танилцуулья:
III.25 (Лхагва) Бүжгийн богино үзүүлбэр
Хосын богино үзүүлбэр
III.26 (Пүрэв) Эмэгтэйчүүдийн богино үзүүлбэр
Хосын чөлөөт үзүүлбэр
III.27 (Баасан) Бүжгийн чөлөөт үзүүлбэр
Эрэгтэйчүүдийн богино үзүүлбэр
III.28 (Бямба) Эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэр
Эрэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэр
III.29 (Ням) Гала тоглолт
Ч.БОЛ