Тайландын Засгийн газар аюултай хэмжээнд хүрээд буй Бангкок хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд хиймэл үүл үүсгэж, бороо оруулах аргыг хэрэглэхээр болжээ.
Зүүн Өмнөд Азийн хоёр дахь том эдийн засагтай Тайланд улсын нийслэлд барилгын ажил, автомашин болон үйлдвэрийн утаанаас болж агаарын бохирдлын хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсон. Ялангуяа хуурайшилтын улирлын үед агаарын бохирдол аюултай хэмжээнд хүртэл нэмэгддэг бөгөөд өчигдөр /2019.01.15/ тус улсын Ерөнхий сайд шаардлагагүй тохиолдолд ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалсан аж. Энэ долоо хоногт Бангкок хотын агаар дахь PM 2.5 тоосонцрын хэмжээ 70-100 мкг/м3 хүрсэн байна.
Бороо оруулах замаар агаарын бохирдлыг бууруулахын тулд өчигдөр /2019.01.15/ хоёр онгоцыг хөөргөж, натрийн хлорид цацаж, үүл үүсгэсэн бөгөөд орой нь Бангкок хотод бороо орсон байна. Тайландын Засгийн газар хиймэл үүл үүсгэх ажиллагааг цаашдаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Агаарын бохирдол ихтэй байгаа энэ үед ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд үнэгүй амны хаалт тараахын сацуу агаарт даралттай ус шүрших ажлыг хийж байна.
Хэрвээ хиймэл үүл үүсгэх ажил урт хугацаандаа үр өгөөжөө өгөхгүй, агаарын бохирдол улам ихэсвэл сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргана хэмээн Эрүүл мэндийн яамнаас нь мэдээлжээ.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ