С.Мөнхчулуун Улаанбаатар хотыг удирдахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

LiveС.Мөнхчулуун Улаанбаатар хотыг удирдахаар боллоо

19 : 25
2019-1-16

С.Мөнхчулуун: С.Амарсайхан даргатайгаа хамтраад ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдоод байгаа С.Мөнхчулуун байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “НИТХ хуралдаад Нийслэлийн засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. НИТХ-ын 43 төлөөлөгч ирснээс 24 төлөөлөгч намайг нийслэлийн Засаг даргад дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар болоод байна. Нийслэл гэдэг том  айлыг удирдаж явах нийслэлчүүдийн ажил амьдралын цаашдын асуудлыг шийдэх учраас миний хувьд хамгийн эхэнд МАН-аас дэвшүүлсэн “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг  100 хувь биелүүлэхийн төлөө  ажиллана. Улаанбаатар хотод тулгамдаад байгаа утаа, түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхээс гадна Улаанбаатар хот хүүхдэд ээлтэй хот болох ёстой. Энэ ажлуудыг хийхийн тулд нийслэлийн 45 төлөөлөгч есөн дүүрэг 33 агентлаг 28 төрийн өмчит газруудад хяналт тавьж ажиллана.

Мөн миний хувьд өнөөдрийн бүрэлдэхүүнийг халж сэлгэхээсээ илүү чадавхжуулаад  явах бодолтой байна. Ажлаа илүү хариуцлагатай хийх ёстой. Өнөөдөр надтай өрсөлдсөн НИТХ-ын дарга С.Амарсайхан шударгаар өрсөлдлөө. Цаашид С.Амарсайхан даргатайгаа хамтраад ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. НИТХ-ын 45 төлөөлөгч дунд туршлагатай олон хүн бий” гэлээ.

Хуульд зааснаар Ерөнхий сайд  нийслэлийн Засаг даргыг батламжлах ёстой.  Хэрэв НИТХ-аас ирүүлсэн саналыг Ерөнхий сайд хүлээн авахгүй гэж үзэн, буцаах юм бол НИТХ асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцээд, дахин санал хүргүүлэх аж. Харин энэхүү саналыг Ерөнхий сайд тав хоногийн дотор багтаан хотын даргыг томилох ёстой юм байна. 

18 : 43
2019-1-16

С.Мөнхчулуун хотыг удирдахаар боллоо

Санал хураалтын дүн гарч хотыг С.Мөнхчулуун удирдахаар боллоо. Санал хураалтад нийт 43 төлөөлөгч оролцосноос 24 нь С.Мөнхчулуунд, 16 нь С.Амарсайханд итгэл үзүүлсэн байв. 

НИТХ-д оролцсон төлөөлөгчид Ерөнхий сайдад танилцуулах тогтоолыг бүгд дэмжлээ. Энэхүү тогтоол нь НИТХ-наас олонхийн саналаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Мөнхчулууныг сонгосон тухай тогтоол юм. 

Онцолход, МАН-ын Удирдах зөвлөлөөс хотын даргаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг томилуулахаар санал болгосон байсан юм. Харин өнөөдөр НИТХ-аар хотын даргын асуудлыг хэлэлцэх үеэр НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас нэрээ дэвшүүлсэн. Эхний удаад хоёр нэр дэвшигчийн санал тэнцсэн бол хоёр дахь санал хураалтаар С.Мөнхчулуун илүүрхсэн юм. 

18 : 06
2019-1-16

Санал хураах журамд өөрчлөлт оруулсныг эсэргүүцэв

Санал хураах журамд өөрчлөлт орсон талаар тооллогын комиссын дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа. Тэрбээр “нэр дэвшигчдийн нэгдүгээр санал хураалтаас харахад санал ойролцоо байсан учир журмыг илүү дэлгэрэнгүй болгох шаардлагатай байна. Зарим төлөөлөгчид дугуйлсан саналын хуудасныхаа зургийг авах үйлдэл гарсан байна. Тиймээс санал өгөх төлөөлөгчид бусдад саналаа санаатайгаар үзүүлэх эсвэл зураг авах юм бол саналыг хүчингүйд тооцно” гэлээ. Харин төлөөлөгчдийн зүгээс хүний эрхэнд халдаж байна гэж үзэн тооллогын комиссын гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн юм. Гэвч дээрх өөрчлөлт орсон журам энэ удаагийн санал хураалтад ашиглагдах болж байна.

Яг одоо НИТХ-ын 43 төлөөлөгч С.Амарсайхан, С.Мөнхчулуун хоёрын хэнийг нь хотын даргаар сонгох вэ гэдэг саналаа санал хураалтын хуудсанд бөглөж байна. Санал хураалт нууц горимоор явж байна. 

16 : 58
2019-1-16

С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарын санал тэнцэв

Хотын даргад хоёр хүн өрсөлдөж санал хураалтыг нууцаар явууллаа. Тооллогын комисс саналын хуудсыг тоолж гаргахад саналын дүн 21х21-ээр тэнцэв. Иймээс санал хураалтыг дахин явуулахаар болж байна. 

Нийт 43 төлөөлөгч санал хураалтад оролцсон ч нэг төлөөлөгчийн санал стандартын дагуу бөглөгдөөгүй учраас хүчингүй болж, саналыг тэнцүүлжээ. 

С.АМАРСАЙХАН мэргэжил, ажилласан байдал

НИТХ-ын дарга С.Амарсайхан нь 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйн магистр зэрэгтэй.

1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан

2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе

2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны менежер

2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.

2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Энэ хугацаанд НИТХ-ын тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, Эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажилласан. 

2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж байсан.

С.МӨНХЧУЛУУН мэргэжил, ажилласан байдал

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нь 1997- 2001 онд Техникийн их сургууль – механик инженер, 2011- 2013 онд Удирдлагын академи – Төрийн удирдлагын магистр, 2015 оноос Удирдлагын академи – Төрийн удирдлагын докторантаар төгссөн.

2009- 2010 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн

2010- 2012 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга

2012- 2016 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга

2008-2009 СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга

2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн

2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн

2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн

2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга

2016 онд МАН-аас нэр дэвшиж, НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон,

2016 оноос НИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдсон,

2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга

2016 оны арванхоёрдугаар сараас 2018 оны арванхоёрдугаар сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар ажилласан.

16 : 53
2019-1-16

С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарын хэн нь хотыг удирдах вэ?

Хотын даргын суудлын төлөө НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нар өрсөлдөж байна.

Санал хураалтыг нууцаар явуулна. Тооллогын комиссыг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд даргаар нь НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандаг-Очир ажиллаж байна. Нийт 43 төлөөлөгч саналаа өгнө. 

15 : 26
2019-1-16

Хотын даргыг нууц санал хураалтаар тодруулна

Завсарлагын хугацаа дуусаж, НИТХ-ын хуралдаан үргэлжиллээ. Хуралдаан даргалагч НИТХ-ын төлөөлөгч Б.Батсайхан “Нийслэлийн Засаг даргад хоёр хүн нэр дэвшсэн. Хоёр хүн нэр дэвшиж байгаа учраас нууц санал хураалт явуулна” гэв.

Мөн тооллогын комиссыг таван хүний бүрэлдэхүүнтэй байхаар баталлаа. Тэрбээр төлөөлөгчдөөс санал хураагаад Д.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Б.Сүхбаатар, Э.Бат-Амгалан Ц.Одонтунгалаг нарыг тооллогын комиссын бүрэлдэхүүнд оруулав.

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “Хуралдааныг дэгийн дагуу явуулах үүрэгтэй. Өнөөдөр НИТХ-ын хурлаас МАН хоёр удаа завсарлага авсан. Иргэд олон нийтийг үл тоосон, дэгийг уландаа гишгэсэн хариуцлагагүй үйлдэл гаргаж байна” гэж хэллээ.

Хурлыг даргалагч ИТХ-ын төлөөлөгч Б.Батсайхан “Хоёр нэр дэвшигчээс асуух асуулт байхгүй бол асуулт тасаллаа. Мөн санал хэлэх төлөөлөгч алга. Одоо санал хураалт явагдана. Үүний дараа сонгосон хүнийхээ нэрийг Ерөнхий сайд руу явуулна” гэлээ. Яг одоо  тооллогын комисс хуралдан бэлтгэл ажлаа базааж байна. 

Хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайханаас гадна НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн юм. 

13 : 19
2019-1-16

Завсарлага 14.10 цаг хүртэл үргэлжлэх боллоо

НИТХ-ын хуралдаанаар хотын даргын томилгоог хэлэлцэж эхэлсэн ч НИТХ –ын төлөөлөгч С.Мөнхчулуун хотын даргад нэрээ дэвшүүлснээр МАН-ын бүлэг 30 минутын завсарлага авсан. Завсарлагын хугацаа дуусаж, асуудлаа хэлэлцэхээр болсон ч НИТХ дахь МАН-ын бүлэг эл асуудлыг хэлэлцэх шаардлага үүссэн байна. Энэ тухай НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва “ Бүлэг дотроо гаргасан шийдвэрээ дахиж ярилцах шаардлагатай байгаа учраас завсарлагын цагийг сунгах хүсэлтэй байна” гэв. Хурлыг даргалагч Б.Батнасан хүсэлтийг хүлээн авч өнөөдрийн 14.10 цаг хүртэл НИТХ дахь МАН-ын бүлэгт завсарлага өглөө. 

11 : 51
2019-1-16

НИТХ-ын хуралдаан эхэллээ

НИТХ хуралдаан NITH huraldaan (7)

НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан  36 хүний ирцтэйгээр эхэллээ.  Р.Дагва МАН-ын Удирдах зөвлөлийн удирдамжийг танилцуулан, хотын даргад С. Амарсайханы нэрийг дэвшүүлсний дараа НИТХ-ын төлөөлөгч Б.Батнасан хуралдааныг удирдахаар боллоо.

НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл “Үндсэн хуулийн эсрэг зүйл боллоо. МАН-ын Удирдах зөвлөл иргэдийн төлөөлөгчийн байгууллага биш. НИТХ-ын ширээний араас  МАН-ын тогтоол уншдаг нь юу болж байна вэ. Энэ хурал хууль зөрчөөд байна. Удирдах зөвлөл ИТХ-д ямар хамаатай юм.

Хурал даргалагч Б.Батнасан “МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн.

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун “Нийслэлийн засаг даргад өөрийн нэрээ дэвшүүлж байна. Ангийн нөхөд минь дэмжиж  өгнө үү.

Хурал даргалагч Б.Батнасан өөр  нэрээ дэвшүүлэх хүн байна уу?

НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва “Өчигдөр МАН-ын бүлэг хуралдаад шийдвэр гарсан. С.Мөнхчулуун өөрийн нэрээ дэвшүүлж байна . Түүнийг нэр дэвшсэнтэй нь холбогдуулаад  30 минутын завсарлага авахыг хүсэж байна" гэв. Энэ дагуу бүлэгт 30 минутын завсарлага өгөөд байна. 

 

11 : 36
2019-1-16

НИТХ ирц бүрдэхгүй байна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын /НИТХ/ ээлжит бус VI хуралдааныг өнөөдөр 10.00 цагт товлож, хотын даргаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч ирц бүрдэхгүй байна. Одоогийн байдлаар НИТХ-ын хуралд 15 төлөөлөгч ирсэн байгаа юм.

Эргэн сануулахад 2018 оны аранхоёрдугаар сарын 28-ний өдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулсан. Ингээд 100 хувийн саналаар одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргаар томилуулахаар санал нэгдсэн. Гэвч НИТХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг дотооддоо хэлэлцэж, саналаа нэгтгээгүй, ажлын цаг дууссан учраас тухайн өдөр хуралдах байсан НИТХ-ын хуралдааныг хойшлуулсан. Ингэхдээ  арванхоёрдугаар сарын 31-ний 11:00 цагаас үргэлжлүүлэн хуралдаж дээрх асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан ч мөн л хойшилсон билээ.

Э.СОСОРБУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж