Улстөрчдийн их спорт уу, спортын их улс төр үү!

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Улстөрчдийн их спорт уу, спортын их улс төр үү!

Улстөрчдийн их спорт уу, спортын их улс төр үү!

Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны үеэр гаргасан Улсын аварга Н.Батсуурийн үйлдлийг олон нийт жигшин хэлэлцэх хойгуур Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд жүдогийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч болсон тухай жижигхэн мэдээ хэвлэлээр хөврөв. Тус  холбооны ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч Х.Баттулга хэвээр бөгөөд тэрбээр Төрийн тэргүүнээр сонгогдсоноос нь хойш  хэн нэгэнд ажлаа өгсөн тухай мэдээ хэвлэлээр  цацагдаагүй юм.

 “Ганган хүүхэнд гархи нэмэртэй” гэгчээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад сэтэр чухал байж болох ч эсрэгээрээ жүдогийн холбоонд З.Энхболдын нэмэр үнэндээ юу байв?  Ядаж л тамирчдад заагаад өгөх мэх болоод зардлыг нь даачих бизнесгүй хүн шүү дээ, уг нь.

Улстөрчдийн хувийн өмч болж хувирсан  спортын холбоод жүдо, чөлөөт, сагсан бөмбөг, үндэсний бөх, морин спортоос эхлээд тоологдоно.

Жүдогийн холбоо гэхэд  Ерөнхийлөгчийнх болоод удаж байгаа бөгөөд өдгөө спортын зарим холбоод "улстөрчид" бэлтгэн гаргадаг нэгэн дэвжээ болон хувирсан. Үүний тод жишээ бол жүдогийн тамирчин Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр нар УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдсөн явдал. С.Жавхлангийн жишгээс харахад ирэх 2020 оны сонгуулиар Н.Түвшинбаяр Төрийн ордонд ороод ирж мэдэх л юм.

Чөлөөтийн холбоо Д.Долгорсүрэн зааны хүүхдүүдийнх болж хувирсан нь худлаа биш. Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Дагвадорж буухдаа тамгаа ах Д.Сумъяабазартаа шилжүүлээд жил гаруй болж байна.  Тэрбээр мөн л Ерөнхийлөгч болон ахынхаа дэмжлэгтэйгээр улс төрд хөл тавих хүсэлтэй.

Чөлөөтийнхөн өдгөө хоёр хуваагдсан төдийгүй энэ талцал С.Эрдэнийн гэх сагсан бөмбөгийн холбоонд ч нүүрлээд удаж байгаа билээ. Энэ мэт улстөрчдийн оролцоотойгоор хоёр хуваагдсан холбоодын тэргүүн магнайд Үндэсний бөхийн холбоо бичигдэх нь дамжиггүй. Бөхийн өргөөнд нь ч, бөхийн холбоонд нь ч шунах улстөрч, бизнесийн бүлэглэлүүдийн зөрчил өдгөө ч үргэлжилсээр байгаа.

Монголын улс төр морь уяачдаар дүүрсэн. Спикерээсээ эхлээд УИХ-д олон уяач улс төр уралдуулаад сууж байна.

Одоо олимпын хорооны ерөнхийлөгчийн сунгаанд нэр бүхий улстөрчид, улстөрчдийн хүүхэд, ойр дотны тамирчид нэр дэвшээд явж байна. Товчхондоо, Монголын Үндэсний олимпын хороог хүртэл “хувьчилж” авах далд сонирхол зарим томчуудад байгаа нь тодорхой.

Улс төр, спорт хоёр хэтэвч нэгтэй болох тусмаа хоёуланд нь хортой.  Бизнес-улс төр нь цус холилдсоны дээр биеийн тамир спортын холбоод нь улстөрчдийн хувийн өмч болоод зогсохгүй, тамирчдыг хүртэл өмчлөх үзэгдэл Монголд улам л "төгөлдөрших" шинжтэй.

Аль нэг спортын холбоог түшиглэн улс төр хийх нь ашигтай  юу эсвэл аль нэг улстөрчийг түших нь холбоодод нэмэртэй  юу? Мэдээж, энэ бол холбоодод ч, улстөрчдөд ч аль алинд нь тавигдах зүй ёсны асуулт бөгөөд хэн, хэндээ хэрэгтэй учраас л спортын холбоодыг өмчлөх сонирхол улстөрчдөд байдаг, улстөрчдийг түшиж, төсөв мөнгөө олох шаардлага холбоодод байдаг байх.

Дасгалжуулагч, тамирчдын хувьд хэн нэгэн нөлөө бүхий улстөрчийг бараадаж, тэмцээний зардал мөнгөө санаа зовохгүйгээр олж байгааг буруутгахгүй. Угаасаа л улсын төсвөөс спортын холбоодод олигтойхон мөнгө хуваарилж өгдөг биш. Харин улстөрчдийн хувьд тамирчид, дасгалжуулагчид бол “могойд барьдаг мод” болсон. Улстөрчдийн хувьд спортын холбоодыг  тамирчид, дасгалжуулагчдаар дамжуулан спорт сонирхчдыг өөртөө татах, спортыг  улс төрийн карьераа өсгөх, сонгуулийн  хэрэгсэл болгон ашиглаж байна.

Спортод үнэнхүү элэгтэйдээ эсвэл хайртайдаа улстөрчид холбоог нь удирдаад, санхүүжүүлээд яваа юм биш. Цаана нь асар том амбиц, ашиг сонирхол байгаа учраас л тэр.  Харамсалтай нь, биеийн тамир спортын холбоод улстөрчдийн өмч болоод ирэхээрээ спортын хөгжилд чөдөр тушаа болдог. Шударга өрсөлдөөн үгүй болдог. Өдгөө хуваагдалгүй, талцалгүй, хэрүүлгүй биеийн тамир спортын холбоо ганц ч алга.

Мэдээж, Монголын спортын хөгжилд улстөрчид тодорхой хувь нэмэр оруулсныг үгүйсгэхгүй. Гэвч, өдгөө улс төр нь спортынхныг, спорт нь улстөрчдийг салбараасаа хөөгөөд явуулах цаг болсон байна. “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” явахгүй бол Монголын хөгжлийг бөхчид, спортын хөгжлийг улстөрчид самраад дуусах нь.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж