Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч, дуучин Э.Амартүвшин ирэх хоёрдугаар сард Италийн Торино хотын “Театро Рэжио” театрын тайзнаа дуулах болжээ.
Тэрбээр тус театрт ирэх сарын 9, 12, 14, 16-ны өдрүүдэд Ж.Вердийн сонгодог бүтээл болох “Риголетто” дуурийн гол дүрд дөрвөн удаа дуулах ажээ. Алдарт баритон хоолойтон маань уг тоглолтын дараагаар Италийн Пьяченца хотын театрт Ж.Пуччинигийн “Тоска” дуурийн Гүн Скарпьягийн дүрд дуулах юм байна.
Энхбатын Амартүвшин нь сонгодог урлагийн “олимп” гэгддэг И.П.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны мөнгөн медаль, Пласидо Домингогийн нэрэмжит “Plаcido Domingo’s Operalia” дуурийн дуучдын олон улсын уралдаанд тэргүүн байрт шалгарч алтан медаль, Испанийн алдарт тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгөн медаль хүртсэн нэгэн. Ийн алдарт дуучин маань Монголын сонгодог урлагийг дэлхийд, тэр дундаа Италийн театрын тайзнаа эгшиглүүлэх нь ээ.
Холбоотой мэдээ