Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2019.01.16/ Төрийн ордны Б танхимд хуралдаж эхэллээ. Хуралдаанд аймгийн Засаг дарга, Иргэдийн хурлын дарга болон Засгийн газрын харьяа яам агентлагийн дарга нар оролцож байна.
Тус хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэх юм байна. Тодруулбал, 2018 оны сахилга хариуцлагын жилийн дүгнэлт, Төрийн албаны шалгалт- Төрийн албаны шинэ хууль хэрэгжүүлэх, Төрийн албаны хариуцлагын хууль, сахилга хариуцлагаа дээшлүүлж, иргэн төвтэй төр байх зэрэг асуудлыг онцлон хэлэлцэж байгаа юм байна. Засгийн газраас 2018 оны сахилга, хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан дүгнэлтийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор есөн заалт бүхий тэмдэглэл гаргаж, холбогдох хүмүүст дагаж хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. Үүний дараа Төрийн албаны шалгалт, Төрийн албаны шинэ хууль хэрэгжүүлэх асуудлын талаар хэлэлцлээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:
-Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ хүрээнд 13 яам, 21 агентлаг, 21 аймаг, нийт сум, 44467 төрийн албан хаагч оролцсон хяналт, шалгалтыг явуулсан байна. Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан гарааны үзүүлэлтүүдийг харахыг зорьсон. Цаашид төрийн албан хаагчдыг мэргэшсэн өндөр ур чадвартай болгоход шаардлагатай мэдээллийн бааз суурийг бий болгохыг зорьж хийсэн. Энэ хүрээн хууль зүй, мэдээлэл, технологи, төрийн захиргаа болон төрийн албан хаагчийн тестийн шалгалт авсан байна. Хууль эрх зүйн тестийн үнэлгээ 74,6, мэдээлэл, технологийн тест 65,6 хувь, төрийн захиргааны албан хаагчийн тест 83,5 хувь, төрийн албан хаагчийн тест 84,4 хувь байна гэсэн дүн гарсан. Төрийн албаны шалгалт өгөөгүй 700 гаруй албан хаагч, яам, агентлагийн ажилчдын 58 орчим хувь нь 1-5 жил ажилласан байна. Энэ тоо үзүүлэлт нь төрийн албан хаагчийн мерит зарчим алдагдсаныг харуулж байна. Мөн төрийн байгууллага дээр явж байгаа сургалт, семинар хоорондоо уялдаагүй, үр дүн багатай байгаа учраас төрийн албан хаагчдыг ангилж, сургалт семинарын тоог багасгаж, уялдаа, үр дүнг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна. Тиймээс Удирдлагын академийг Төрийн албаны зөвлөлтэй хамтран шинэ сургалтын орчин, хөтөлбөр бий болгохоор ажиллаж байна.
Танилцуулгатай холбоотойгоор Засгийн газрын зарим сайд нар саналаа илэрхийллээ. Тухайлбал,
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД:
-Шалгалтын дүнтэй, дүнгүй бид нэг зүйлд анхаарах ёстой. Төрийн албан хаагчдын 60 хувь нь 1-5 жил ажилласан байгаа юм. Энэ бол бидний өнгөрсөн хугацаанд явж ирсэн сайн, муу явж ирсний дүн. Нэгдүгээр сарын 1-ээс Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Хамгийн гол нь удирдах ажилтнууд хүмүүсээ чадваржуулах, ажлын байран дээрээ сургах, шахаж шаардахад анхаарахгүй бол 60 хувь гэдэг бол төрийн албаны ажлын чадавх, чанарт анхаарахыг шаардаж байгаа тоон үзүүлэлт юм. Тиймээс үүн дээр тал талдаа анхаарч ажиллах ёстой юм.
БСШУС-ИЙН Ц.ЦОГЗОЛМАА:
-Энэ удаагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжүүлж дүнгээ гаргахад жил гаруй хугацаа үлдсэн байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчид маш чухал үүрэгтэй. Нэг талаас шинэ хүмүүсийн маш сайн, хурдан сургаж, ажлын байран дээр нь хөгжих, бүх л салбарт мэдээлэл, технологийн орчинд ажиллах чадварыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэрэгжүүлэх нь чухал.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Засгийн газраас тэмдэглэл гаргалаа. Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ