Хана барих Трампын төлөвлөгөө ЗГ-ын ажлыг гацаав

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Хана барих Трампын төлөвлөгөө ЗГ-ын ажлыг гацаав

Хана барих Трампын төлөвлөгөө ЗГ-ын ажлыг гацаав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих асуудлаас болж тус улсын Засгийн газар төсвөө баталж чадахгүй гацаанд ороод байгаа билээ. АНУ-д ийм үйл явцыг засгийн газрын түр зогсолт буюу “шатдаун” хэмээн нэрлэдэг. Энэ удаагийн шатдаун тус улсын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн түр зогсолт болж байгаа ба өнөөдөр 26 дахь өдрөө үргэлжилж байгаа юм.

Цагаачид нэвтрэхээс сэргийлж хана барих санаачилга бол ерөнхийлөгч Дональд Трампын ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хамгийн чухал хэсгийн нэг ажээ. Тиймээс ч тэрбээр онц байдал зарлаад ч болов амлалтаа биелүүлэхээр тэмцэж байгаа бөгөөд эсрэгээрээ өрсөлдөгч Ардчилсан намын гишүүд түүний саналыг дэмжихгүй төсөв батлахаас  татгалзаж байгаа учир ийн гацаанд ороод байгаа юм. Өмнө нь Засгийн газрын хамгийн удаан үргэлжилсэн “шатдаун” нь Ерөнхийлөгч Билл Клинтоны үед мөн л төсвийн асуудалд зөвшилцөлд хүрээгүйн улмаас 21 өдөр үргэлжилж байв. Засгийн газрын үйл ажиллагаа доголдсоноос болж АНУ-ын төрийн байгууллагуудынх нь дөрөвний нэг нь санхүүжилтгүй болсон төдийгүй 800,000 орчим албан хаагч энэ сард цалингаа авч чадаагүй байна.

АНУ-ын ерөнхийлөгч нийт 3500 км урттай АНУ-Мексикийн хилийн 1600 километрт нь хана барих санаачилга гаргасан бөгөөд үүнд нийтдээ 5,7 тэрбум ам.доллар шаардлагатай аж. Харин Ардчилсан намын гишүүд ийм хэмжээний мөнгийг хана барихад зарцуулахгүй, яг ажил эхлэхээр өртөг нь үүнээс ч илүү гарч магадгүй гэж үзэн эсэргүүцэж байгаа юм.

 

 

Эхэндээ бат бөх ган төмрөөр хана барина гэж байсан Дональд Трамп сөрөг хүчний маш их эсэргүүцэлтэй тулгарсан учир зардлыг арай багасгахаар бетон юмуу эсвэл төмөр сараалжин хана байж ч болно хэмээн мэдэгдэж байв. Мөн ард иргэддээ ухуулга хийж хана барихгүй бол хууль бус цагаачид ихээр нэвтэрч ард иргэдэд хэрхэн аюул занал учрахыг тайлбарлаж байлаа. Гэсэн ч ард иргэпийн ихэнх нь түүний санаачилгыг дэмжихгүй байгааг олон улсын мэдээллийн CNN агентлагийн захиалгаар “SSRS” судалгааны байгууллагаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын 56 хувь нь хана барих шаардлагагүй гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна. Харин 39 хувь нь дэмжсэн бол таван хувь нь хариу өгөхөөс татгалзжээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сард явуулсан санал асуулгын үеэр 35 хувь нь хана барихыг дэмжиж, 62 хувь нь эсэргүүцэж байсан байна.

Түүнчлэн сүүлд явуулсан санал асуулгад оролцогчдын 55 хувь нь гурван долоо хоног гаруй үргэлжилж буй АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хэсэгчилсэн түр зогсолтын хариуцлагыг Ерөнхийлөгч Дональд Трамп хүлээх ёстой гэж мэдэгдсэн бол 32 хувь нь Конгресс дахь Ардчилсан намынхан буруутай гэж үзэж байна. Харин есөн хувь нь төрийн тэргүүн болон Ардчилсан намын аль аль нь буруутай гэж мэдэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Конгрессийн танхимын Ардчилсан намын төлөөлөгчид нэгдүгээр сарын 9-ний өдөр уулзалт хийж байхад Д.Трамп уулзалтыг орхин гарсан байна.

“Уулзалтын үеэр Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси болон Сенатч Чак Шумер нар АНУ-Мексикийн хилийн дагуу хана барихад санхүүжилт олгохоос татгалзсан тул би тэдэнд баяртай гэж хэлээд, уулзалтыг орхин гарсан” гэж АНУ-ын төрийн тэргүүн твиттер хуудсандаа жиргэжээ. Мөн тэрбээр, уг уулзалтыг “цагийг хий дэмий өнгөрүүлсэн хэрэг” хэмээн тэмдэглэсэн байна.

Төрийн тэргүүн уулзалтыг орхин гарсны дараа Конгрессын танхим, Ардчилсан намын бүлгийн дарга Нанси Пелоси болон сенатч Чак Шумер нар телевизээр мэдэгдэл хийж,  Мексикийн хил дагуу хана барих төсвийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Д.Трамп Засгийн газрын үйл ажиллагааг тасалдуулсан хэмээн буруутгаж, дахин хэвийн байдалд нь оруулахыг шаарджээ.

Мухардалд орсон Дональд Трамп АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих төсөв батлуулахын тулд улс даяар онц байдал зарлахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Хэрэв онц байдал зарлах юм бол байгалийн гамшиг, болон бусад яаралтай үед хэрэглэхээр төсөвлөгдсөн байдаг 13,8 тэрбум ам.доллараас хана барих санхүүжилтийг шууд гарган авах эрх ерөнхийлөгчийн мэдэлд ирэх юм.

Тэрбээр “Үүнийг шийдвэрлэхийн тулд би онц байдал зарлахад ч бэлэн байна. Гэхдээ энэ бүхэн ирэх өдрүүдэд үйл явдал яаж өрнөхөөс шалтгаална” хэмээн хэлсэн байна.

АНУ-ын эрх баригчид төсвийн асуудлаар Даваа гаригт /2019.01.14/ уулзаж, хэлэлцсэн ч мөн л тодорхой зөвшилцөлд хүрсэнгүй. Уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хана барихад шаардлагатай 5,7 тэрбум ам.долларын санхүүжилтийг батлахаас нааш төсвийн ямар ч нөхцөлийг хүлээж авахгүй гэдгээ дахин илэрхийлсэн байна. Үүний дараа АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд олонх Ардчилсан нам Мягмар гаригт/2019.01.15/ санхүүжилтгүйн улмаас зогссон есөн яам бусад агентлагуудын үйл ажиллагааг хоёрдугаар сар хүртэл сэргээх төсвийн төсөлд санал асуулга явуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Хэдий тийм боловч энэхүү төсвийн төсөлд Дональд Трампын шаардаж буй төсөв багтаагүй нөхцөлд Бүгд найрамдах нам уг төслийг дэмжих магадлал бага гэж ажиглагчид онцолж байгаа юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж