УИХ-ын даргыг сайд нараасаа сонгох уу?

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргыг сайд нараасаа сонгох уу?

УИХ-ын даргыг сайд нараасаа сонгох уу?

Сар гаруй хугацаанд талцсан МАН-ынхан эв зүйгээ олов уу гэтэл бас л үгүй бололтой.  Энэ долоо хоногийн Даваа гаригаас эхлэн УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх болов уу гэж таамаглаж байсан ч өчигдөр л гэхэд хоёр байнгын хороо, нэг дэд хороо зарлагдсан ч гишүүдийн ирц хүрэхгүй хуралдаж чадсангүй. УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг батлахаар МАН-ын хоёр тал санал нэгдсэн байхад УИХ-ын үйл ажиллагаа дахин гацаж, ирц бүрдэхгүй болсны шалтгаан юу вэ?.

Шалтгаан нь тохиролцоон дээрээ хоёр тал санал нийлж чадахгүй байгаатай холбоотой аж. УИХ-ын даргыг огцруулахтай зэрэгцэн дараагийн УИХ-ын дарга хэн болох вэ гэдэг таамаг улс төрийн хүрээнд яригдах болсон. УИХ-ын даргад Д.Хаянхярваа, Ж.Эрдэнэбат нарын нэр яригдаж байгаа гэсэн боловч тэд өөрсдөө үгүйсгэсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хэлснээр УИХ-ын хамгийн ахмад гурван гишүүний нэр УИХ-ын даргад хамгийн хүчтэй яригдаж байна.

Тодруулбал, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын аль нэг нь дараагийн УИХ-ын дарга болох хүмүүсийн тэргүүн эгнээнд явна. Одоогоор тэдний хэн, хэн нь УИХ-ын дарга болохгүй гэж албан ёсоор үгүйсгээгүй байгаа юм. Намын удирдлагын түвшинд ч дээрх гурван эрхмийн нэг нь УИХ-ын дарга болох боломжтой  гэж үзэж байгаа гэх бор шувуу МАН-ынхан дунд нисээд эхэлжээ

Гэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хувьд өмнө нь УИХ-ын даргаар ажиллаж байсан, хууль засаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан зэрэг нь энэ удаад дахин УИХ-ын даргад нэр дэвшихэд шаансгүй гэх хүмүүс ч МАН-д бий. Хамгийн гол нь дээрх гурван горилогчоос хэн нь ч  УИХ-ын дарга болсон нэг сайдын суудал эзгүйрнэ.

Дээр нь Зам тээврийн, хөгжлийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан гэсэн хоёр яамны сайдыг чөлөөлөх ёстой. Үндсэндээ гурван сайдын суудалд М.Энхболд ба У.Хүрэлсүхийн талынхан хэнийгээ томилуулах вэ гэдэг дээр тохиролцоогоо эцэслэж чадахгүй байгаагаас УИХ-ын үйл ажиллагааг дахин доголдож эхэлсэн байгаа юм.

Хэдийгээр дотооддоо эв зүйгээ олох, эвлэрэх ажлын хэсэг байгуулсан ч хэн, хэндээ буулт хийхгүй байгаагаас эцсийн шийдэлд хүрч чаддаггүй аж.  Уг нь энэ ажлын хэсгийн хүрээнд хэд хэдэн тохироо яригджээ. Тухайлбал, дээр нэр дурдсан гурван сайдын нэг нь УИХ-ын дарга болно  гэж тооцоолбол  У.Хүрэлсүхийн танхим гурван шинэ сайдаар бүл нэмнэ. Тиймээс энэ гурван сайдын квотыг МАН доторх 27-ийн талд “өгөх" боломжтой гэх зүйл яригдсан байна. Мөн энэ удаагийн томилогдох сайд нарыг  УИХ-аас биш гаднаас томилох саналууд ч тавигджээ. Ямар ч гэсэн энэ ажлын хэсэг намынхаа хагарлыг эвлүүлдэггүй юм аа гэхэд Засгийн газраа бүтэн болгох, УИХ-ын даргынхаа дараагийн залгамжлагчийг тодруулах тохиролцоонд хүрч, төрийн үйл ажиллагааг хэвийн болгохын тулд онцгой анхаарч, хичээж ажиллаж байгаа гэж МАН -ын гишүүд хэлж буй. Гэвч цаг нэлээд орж, тэр хэрээр төрийн ажлыг цалгардуулж мэдэхээр байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж