Сар шинийн баяр хаяанд тулж, өргөн хэрэглээний барааны үнэ дагаж өссөн энэ үед шатахууны үнийг дахин 100 төгрөгөөр бууруулах шийдвэр гарсан. Дэлхийн зах зээлд түүхий тосны үнэ буусан нь нефть импортлогчдыг бүтээгдэхүүнийхээ үнийг буулгах боломжийг бүрдүүлсэн гэж албаныхан үзэж буй. Тодруулбал, импортын нефтийн бүтээгдэхүүний үнэ төрлөөсөө хамааран тонн тутамдаа 86-107 ам.доллараар буурсан нь АИ-80, АИ-92 автобензин болон дизель түлшний жижиглэнгийн үнийг 100 төгрөгөөс илүү үнээр буулгах боломж бүрдсэн байна.
Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газар нефть импортлогч компаниудтай зөвшилцсөнөөр өчигдрөөс эхлэн /2019.01.15/ шатахууны үнийг хямдруулахаар болсон. Шийдвэр хэрэгжиж буй эсэхийг сурвалжлахаар бид Улаанбаатар хот дахь шатахуун түгээх станцуудыг зорив.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу Баянбүрдийн аюулгүй тойрог, Тасганы овоо орчим дахь шатахуун түгээх станцуудад очиход “Тэс Петролиум”, “М-Ойл” гэсэн хоёр компани шатахууны литр тутмын үнээ 100 төгрөгөөр бууруулжээ. Тодруулбал, АИ-92-ыг 1730-1740 төгрөгөөр, АИ-95-ыг 2280 төгрөгөөр, дизель түлшийг 2290 төгрөгөөр тус тус худалдаалж байв.
Мөн “Шунхлай” компани шатахууны үнээ литр тутамд 100 төгрөгөөр бууруулжээ.
Шатахууны үнэ буурсан талаар иргэн Б.Төгс “Шатахууны үнэ буурах тусмаа л сайн. Өнөөдөр шатахуун аваад л 100 төгрөгөөр үнэ буурсныг мэдлээ. АИ-92 бензин 1730 төгрөг болсон нь өнгөрсөн жилийн үнэ дээрээ тогтож байгаа юм биш үү. Ер нь гэнэт л шатахууны үнэ өсч, нэг харахад ялимгүй бууруулж байх юм” хэмээн өгүүлэв. Иргэдийн хувьд шатахууны үнэ цаашид үе шаттайгаар бууруулах нь зүйтэй ч үнийн талаарх үнэн бодит мэдээлэл хаалттай байдаг гэх байр суурийг илэрхийлж байсан юм.
Гэхдээ зарим шатахуун түгээх станцаар борлуулагдаж байгаа нефтийн үнэ буугаагүй байв. Тухайлбал, “Петровис“, Сод Монгол”, “Синчи Ойл” гэсэн гурван компани АИ 92-ыг 1830, АИ 95-ыг 2270, ДТ-2350 төгрөгөөр тус тус худалдаалж байлаа.
“Синчи Ойл” компанийн хувьд шатахууны үнээ 100 төгрөгөөр хямдруулах албан бичиг хүлээн аваагүй байна гэдгийг Баянбүрд дэх салбарын шатахуун түгээх станцын хэлтсийн эрхлэгч Д.Нармөнх хэлсэн. Тэрбээр “Манайх одоогоор шатахууны үнээ хямдруулаагүй. Маргааш гэхэд шатахууны үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр буурна байх гэж таамаглаж байна. Ер нь бол оны өмнө ч бас шатахууны үнийг бууруулах тухай ярьж байсан. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Мөн “Сод Монгол” компанийн хэлтсийн эрхлэгч “Бид шатахуун түгээх станцуудын үнийн судалгааг явуулж, хурлаар танилцуулсан болохоор өнөөдөртөө багтаж шийдвэрээ гаргах байх. Одоогоор үнээ бууруулаагүй” гэх тайлбар өгөв.
“Петровис” ШТС-ийн ажилтнууд үнэ бууруулах шийдвэрийн талаар мэдээлэлгүй, эрхлэгч нь байхгүй ажлын цаг дууссан тул өрөөндөө алга гэх хариултыг өгч байлаа.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас цаг үеийн асуудлаар өчигдөр хийсэн мэдээлэлдээ “Шатахууны үнийг литр тутамд 100 төгрөгөөр бууруулах нь хангалтгүй. Өнөөдөр шатахууны үнийг 200-300 төгрөгөөр бууруулах боломж бүрдсэн” гэдгийг тодотгосон.
Хэдийгээр дэлхийн зах дээр нефтийн үнэ буурсан ч ам.долларын ханш цаашид чангарах төлөвтэйг эдийн засагчид хэлж буй. Шатахууныг валютаар худалдан авдаг тул энэ үнээр бариад байх боломж бий юу гэдэг баталгаа бас байхгүй байна.
Холбоотой мэдээ