Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тодорхой хязгаартайгаар 50-100 хувь хөнгөлөх тогтоол гаргасан. Энэхүү тогтоол нь 2016-2017 онд шилжих өвлөөс хэрэгжиж эхлээд гурав дахь жилдээ үргэлжилж байна. Гэвч энэхүү шөнийн тарифын хөнгөлөлтийг зөвхөн том хаустай дарга нар эдэлж байна гэх яриа гараад буй юм. Тухайлбал, өнгөрсөн онд 3.2 тэрбум төгрөгийг шөнийн цахилгааны хөнгөлөлтөд зарцуулсны 2.2 тэрбумыг дарга нарын хаусны цахилгааны хөнгөлөлтөд зарцуулагдсан гэсэн мэдээлэл ч цацагдсан. Энэ талаар болон бусад асуудлыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Д.Саранчимэгээс тодрууллаа.
-Цахилгааны хөнгөлөлтийг том дарга нар авч байна. 3.2 тэрбум төгрөгийг цахилгааны хөнгөлөлтөд зарцуулснаас 2.2 тэрбум нь дарга нарын хаусын цахилгааны хөнгөлөлтөд зарцуулагдсан гэсэн мэдээлэл цацагдсан байна. Үүнд тайлбар өгөөч?
-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан энэ мэдээлэл ташаа гэдгийг албан ёсоор мэдэгдье. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь түгээх сүлжээнд холбогдсон бүх хэрэглэгчтэй цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулдаг. Энэ гэрээг тухайн айл өрхийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, кадастрын зураг, иргэний үнэмлэхийг үндэслэн байгуулдаг. Тэгэхээр тухайн хэрэглэгчийн хаана, ямар ажил эрхэлдэг, хөрөнгө орлогын талаарх мэдээллийг авдаггүй. Авах шаардлага ч байдаггүй. Манайх гэрээт хэрэглэгчдээ аж ахуйн нэгж, ахуйн хэрэглэгч гэж хоёр ангилдаг. Энэ ангиллын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж өгсөн үнэ тарифаар хэрэглээг нь ялгаатай тооцдог. Харин ахуйн хэрэглэгчийг дотор нь орон сууцны, гэр хорооллын гэж хоёр янзаар бүртгэдэг.
–Энэ жилийн шөнийн цахилгааны хөнгөлөлтөд хэчнээн айл өрх хамрагдаж байна вэ?
-Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт олгох тухай Засгийн газрын 2017 оны 199, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 317, 318 дугаар тогтоол шийдвэрийг нийслэлийн төвийн зургаа, алслагдмал Налайх, Багахангай дүүргүүд болон Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд хэрэгжүүлж байна. 2018-2019 онд шилжих хүйтний улиралд үзүүлэх хөнгөлөлт 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн ба 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Манай байгууллагаас 2018 оны 11, 12 дугаар сард нийслэл болон Зуунмод сумын гэр хорооллын хоёр тарифт электрон тоолууртай давхардсан тоогоор 218475 айл өрхийн шөнийн цагаар хэрэглэсэн 36.3 сая килоВатт.цаг цахилгаан эрчим хүчинд нийт 3.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлт тооцоод байна.
–Хоёр тарифт тоолуур хэрэглэдэг айл өрх хэдэн хувиар нэмэгдсэн бэ?
-Манай компанитай гэрээтэй гэр хорооллын хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь өдөр шөнийн тарифт электрон тоолууртай. Гэр хорооллын ангиллын хэрэглэгчид маань жилд дунджаар 2000 орчмоор нэмэгдэж байна.
Гэр хороололд амьдарч байгаа хэрэглэгчдийн маань гэр сууц нь янз бүр байдгийг бид бүгд мэднэ. Цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтийг гэр сууцны хэмжээнээс шалтгаалж тооцдоггүй. Засгийн газрын 2017 оны холбогдох журам, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны “Хөнгөлөлт үзүүлэх тухай” тогтоол шийдвэрүүдэд заасны дагуу хөнгөлөлт тооцох хувь хэмжээ нь түгээх сүлжээнд холбогдсон хүчин чадлаас шалтгаалан хоёр янз байна. Тодруулбал 220В-ын хэрэглэгч бол сарын турш, шөнийн цагаар хэрэглэсэн 700 кВт.цаг цахилгаан хэрэглээнд 100 хувь, түүнээс дээш гарсан хэрэглээг 50 хувь, 380 В-ын чадалд холбогдсон хэрэглэгчийн хувьд сарын турш, шөнийн цагаар хэрэглэсэн 1500 кВт.цаг цахилгаан хэрэглээг 100 хувь, түүнээс дээш гарсан хэрэглээг 50 хувь хөнгөлнө. Харин хөдөө орон нутагт буюу аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн хувьд сарын турш, шөнийн цагаар хэрэглэсэн бүх хэрэглээг 50 хувь хөнгөлнө.
-Цахилгааны шөнийн тарифыг тэглэснээр айл өрхүүдийн цахилгааны дундаж хэрэглээ хэрхэн өссөн бэ?
-Ер нь хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээ жил бүр 5-12 хувиар өсдөг. Гэр хорооллын хэрэглэгчийн дундаж хэрэглээ 2017 оны 12 дугаар сард 448 кВт.ц байсан бол 2018 оны 12 дугаар сард 517.8 кВт.ц болж 15.4%-аар өсөөд байна.
-Эрчим хүчний үнэ энэ онд өсөх үү?
-Манай байгууллага нь Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг үндэслэн хэрэглэгчдэд цахилгаан борлуулдаг үйлчилгээний компани. Гэхдээ хэрэглэгчдэд борлуулж байгаа нэгж цахилгааны үнэ үйлдвэрлэж, дамжуулж, түгээж байгаа өртгөөсөө бага байгаа. Тэр дундаа ахуйн хэрэглэгчдэд борлуулж байгаа үнэ тариф дунджаар 33.17 төгрөгөөр хямд байна. Өөрөөр хэлбэл эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байна. Иймд үнэ тарифын асуудлыг эрх бүхий байгууллага нь эргэж харах шаардлагатай.
Холбоотой мэдээ