Мэргэжлийн бокс төдийгүй Монголын спортын түүхэнд тодоор бичигдэн үлдэх нэгэн явдал энэ сарын 26-нд тохиох гэж байна. Энэ өдөр гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын IBO холбооны 57.2 кг-ын жингийн дэлхийн аварга цолын төлөө Доминиканы Клаудио Марреротой нударга зөрүүлэх юм. Энэхүү тулааны талаар мэргэжлийн боксчин Г.Ганзоригтой ярилцлаа. Тэрбээр 2005 оноос мэргэжлийн боксоор хичээллэж, 2010 онд Пан Азийн аварга болж байв. 2011 оноос хойш мэргэжлийн рингэнд тоглолт хийгээгүй ч өнгөрсөн жил эргэн ирж, IBF холбоотой байгуулсан гэрээний дагуу тулалдах болсон юм.
-Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аваргын төлөө тулалдах гэж байна. Та ямархуу тулаан болно гэж төсөөлж байна вэ?
-Төгсөөгийн илт давамгайлсан тулаан болно гэдэгт эргэлзэхгүй байна. Төгсөө өөртөө маш их итгэлтэй байгаа. Манай хүн мэргэжлийн бокст анх орохдоо л дэлхийн аварга болно гэж зорьсон. Одоо энэ зорилгодоо хүрэхэд ойртлоо. Миний бодлоор төгсөө өрсөлдөгчөө дутуу гаргах байх. 5-6-р үеэс хэтрэхгүй биз дээ. Хэрэв IBO-гийн аварга болчихвол цаашдын зам нь улам дардан болно. Дандаа дэлхийн шилдгүүдтэй нударга зөрүүлнэ гэсэн үг.
-Тулаан болоход арваадхан хоногийн хугацаа үлджээ. Энэ үед мэргэжлийн боксчдын бэлтгэл ямар шатандаа ирсэн байх ёстой вэ?
-Одоо төгсөө ачаалал авалгүй хөнгөн бэлтгэл хийж байгаа. Бэлтгэлийн формдоо аль хэдийн орчихсон. Нэг удаадаа 40 минут, үсрээд нэг цагийн л бэлтгэл хийнэ. Цаашдаа тулаан ойртох тусам ачааллаа багасгадаг онцлогтой. Нэгэнт формондоо орчихсон болохоор өөрийгөө ядраалгүй, хурд, техниктээ голлон анхаарч бэлдэнэ гэсэн үг.
-Боксын аналистууд энэ хоёр тамирчныг “Довтолгооны машин” гэж тодорхойлсон байна лээ. Довтолж тоглодог хүний эсрэг юунд анхаарах ёстой бол?
-Мэдээж нэг тактикаараа байнга тоглоно гэж байхгүй, тухай бүрт нь тактикаа өөрчлөөд явдаг. Манай хүн угаасаа довтолж тоглодог. Энэ эрчээ алдахгүй дайрсаар байгаад дуусгах болов уу. Тэд адилхан довтолгооны машин байж болно. Гэхдээ манай хүн бяраараа хамаагүй илүү. Хэдийгээр хөнгөн жингийн боксчин ч гэсэн хойд гар нь лантуу шиг л очдог. Үүнийг найз нөхдөөс авахуулаад өрсөлдөгч нар нь ч сайн мэдэж байгаа. Өрсөлдөгчийн тухайд энэ цохилтоос яаж хамгаалах вэ гэдэг дээр хамгийн их анхаарч байгаа нь ойлгомжтой.
-Энэ тулаанд түүний ялах магадлалыг хэдэн хувь гэж бодож байна?
-100 хувь. Төгсөө IBO-гийн аварга болж, цаашлаад WBO, WBA холбооны аваргын бүс зүүх нь цаг хугацааны л асуудал байх.
-Ер нь иймэрхүү тулааны шагнал урамшуулал ямархуу байдаг бол?
-Мэдээж тулаан болгон өөр өөр. Мөнгөн шагналын хэмжээ хэд байх нь хоёр менежерийн хооронд байгуулсан гэрээнээс л шалтгаална. Тиймээс яг тогтсон мөнгөн шагнал байдаггүй.
-Н.Төгсцогтын өмнөх тулаануудын бичлэгийг үзсэн байх. Ер нь мэргэжлийн бокст орсноос хойш тоглолт нь хэр өөрчлөгдсөн бэ?
-Сонирхогчоос мэргэжил рүү орсноос хойш цохилтын хүч нь маш их нэмэгдэж, арга барил нь өөр болсон байна лээ. Тоглолтоос тоглолтод сайжирч байгаа нь илт харагддаг. Бүх бичлэгийг нь харьцуулаад харвал бокс огт мэдэхгүй хүн ч ямар их сайжирсныг нь ойлгоно.
-Дасгалжуулагчийн баг нь сайн байна гэсэн үг үү?
-Мэдээж тийм. Үүнээс гадна манай хүн өмнөө тавьсан зорилгоо маш сайн ухамсарлаж, түүндээ хүрэхийн тулд бүхнээ дайчилж байгаа нь нөлөөлсөн.
Н.Төгсцогт хөнгөн жингийн боксчин ч гэсэн хойд гар нь лантуу шиг л очдог
-10 тулаан хийгээд дэлхийн аваргын төлөө гараад ирлээ. Манай хүн хэр хурдан дээшилж байна вэ?
-Хурдан ч биш, удаан ч биш, дундаж хугацаа гэж болно. Үүнээс илүү хурдан гарч ирэх боломж түүнд байсан. Дөрөв, таван тулаан хийгээд аварга болж болно. Гэхдээ манай хүн үүнийг хүсээгүй юм шиг байна лээ.
-Мэргэжлийн бокст хэд орчим насны хүн хамгийн тохиромжтой байдаг вэ?
-Төгсөө одоо 26 настай. Энэ бол яг л мэргэжилд үздэг нас. Би хувьдаа 20-иос доош насныхан мэргэжилд үзээд дэмий гэж боддог. Ер нь 20-30 нас бол мэргэжлийн бокст өрсөлдөх хамгийн тохиромжтой үе. Насны бяр гэж байдаг даа. Энэ бүгд нь жигдрээд жинхэнэ оргил үедээ ирсэн байдаг юм.
-Аваргын төлөө тоглох гэж байгаа IBO холбооны талаар мэдээлэл өгөөч?
-Мэргэжлийн бокст олон холбоо бий. Энэ дундаас хамгийн том нь WBO, WBA, WBC, IBF. Энэ дөрвийн дараа IBO ордог. Ер нь эхний тавд багтахаар том холбоо гэсэн үг. Хэрэв Н.Төгсцогт IBO-гийн аварга болчихвол цаашид бусад холбооны дэлхийн аваргын төлөө тоглоод явчихна. Яахав, дундуур нь бүсээ хамгаалах ганц нэг тулаан хийх байх. “Яваандаа WBA-гийн аваргын төлөө тоглох байх” гэж өөрөө ярьж байна лээ. Энэ бол яах аргагүй том холбоо. Д.Лхагваа ах энэ холбооны аварга болсон шүү дээ.
-Ер нь Төгсцогтын жинд бусдаас хол тасарчихсан аварга хүн байна уу?
-Украины В.Ломаченко дээд жинд нь тоглож байгаа. Харин төгсөөгийн жинд ноёрхлоо тогтоосон хүн алга. Ихэнх нь аварга болж, дараа нь бүсээ алдсан байдалтай л байна.
-Мэргэжлийн боксын сонирхогчоос ялгарах гол онцлог нь юу вэ?
-Сонирхогчийн бокс бол том бээлийтэй, гуравхан үе тоглодог. Харин мэргэжлийн бокст бээлий нь жижгэрээд ирдэг. Бараг савхин бээлий өмсөж байгаад зодолдохтой адил. Үүнээс гадна том тоглолтууд нь ихэвчлэн 12 үе үргэлжилнэ. Сонирхогчийн бокст нэг удаад 10 орчим минут тулалдах бол мэргэжилд бараг нэг цаг тоглоно гэсэн үг. Нимгэн бээлийтэй, олон үе тоглодог, эрсдэл их болохоор нэг бол өрсөлдөгчөө өрсөж унагаа, үгүй бол өөрөө уна гэсэн дүрэм үйлчилдэг. Оноогоор ялна гэсэн ойлголт бараг байхгүй дээ.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
Холбоотой мэдээ