Гаалийн байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2019.01.15/ эхэллээ.
Зөвлөлдөх уулзалтаар өнгөрсөн оны ололт амжилт, хүрсэн үр дүн, алдаа дутагдлаа ярилцаж, 2019 онд гаалийн шинэчлэлийг теле-хяналтын иж бүрэн систем нэвтрүүлэх, гаалийн лабораторийн бүрэн шинэчлэл хийх, хилийн боомтын хяналтын дэд бүтцийг сайжруулахад чиглүүлж, үйл ажиллагаагаа дахин загварчлах, мэдээлэл харилцаа холбооны дэвшилттэй уялдуулан хөгжүүлэх зорилт тавиад байна.
Өнгөрсөн онд тус байгууллага Монгол Улсын төсөвт 2.19 их наяд төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 2.73 их наяд төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 124.6 хувиар буюу 538.9 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. 2018 онд гаалийн байгууллага экспортын 530 мянга, импортын 256 мянган бүрдүүлэлт хийж, нийт экспортын бүрдүүлэлтийн 95 хувийг цаасгүй технологид шилжүүлсэн байна. Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны 2018-2022 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө”, “Худалдааг хөнгөвчлөх үндэсний хөтөч зураг 2018-2022”-ийг боловсруулан батлуулахад Гаалийн байгууллага идэвхи санаачлага гарган ажиллаж, “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
Худалдааны луйвар, гаалийн зөрчлийг эрсдэлийн судалгаанд суурилан үр дүнтэй илрүүлэн таслан зогсоож чадсанаар нийт 2028 хууль бус үйлдлийг илрүүлэн хянан шийдвэрлэж, 2,3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулан, 6,1 тэрбум төгрөгийн гаалийн болон бусад татвар нөхөн төлүүлсэн байна. Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан 15 удаагийн үйлдлийг илрүүлж, хар тамхи мансууруулах бодисыг илгээх болон хүлээн авдаг хоёр сувгийг илрүүлэн тогтоох үйл ажиллагаанд хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллажээ. Иймд өнгөрсөн онд гаргасан амжилтаа улам бататгаж Дэлхийн гаалийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт болон боомтын хөрөнгө оруулалтыг, гаалийн хяналтын үйл ажиллагаатай уялдуулан 2019 оныг Монгол Улсын Гаалийн байгууллагаас “Дэвшилтэт технологи- ухаалаг хяналт”-ын жил болгон тодорхойлж байна.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
Холбоотой мэдээ