Британи дахь монголчууд малчдад туслах хандивийн үдэшлэг зохиожээ

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Британи дахь монголчууд малчдад туслах хандивийн үдэшлэг зохиожээ

Монгол оронд тохиолдоод буй зудын аюулд нэрвэгдсэн малчдад туслах хандивын үдэшлэг энэ сарын 5-ны баасан гаригийн үдэш Лондон хотын төв Holborn дүүрэгт байрлах Reniassance London Chancery Court Hotel-д болжээ. Энэхүү арга хэмжээг залуусын оролцоог дэмжигч 86400 хөдөлгөөн санаачилж, Монголын малчдад туслах үйл ажиллагаа явуулдаг Британийн CAMDA(Cambridge Mongolian Development Appeal)  сайн санааны байгууллагатай хамтран Монгол Улсын Элчин сайдын яам,  Британийн монголчуудын холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан байна.  Уг арга хэмжээнд нийт 170 гаруй зочид хүрэлцэн ирсэн бөгөөд Монголд үйл ажиллагаа явуулдаг Британийн байгууллага, Монголыг сонирхогч хувь хүмүүс, Британид  ажиллаж амьдардаг монголчуудын төлөөлөл багтсан аж. Энэ үеэр CAMDA-тай олон жил хамтран ажиллаж буй Амьтдыг хамгаалах дэлхийн холбооноос (WSPA – World Society of Animal Protection)  зудын аюулт өртөөд буй Дундговь аймгийн зарим сумдад зориулан CAMDA-аар дамжуулан 40 орчим мянган ам.долларын тусламж үзүүлж буйгаа мэдэгдсэн байна.  Тус байгууллагын төлөөлөгчид хандивыг нь хэрхэн зарцуулж буйтай танилцахаар энэ сарын 15-19-нд Монгол Улсад ирж, тусламж хүргэсэн сумдаар очиж газар дээр нь танилцах гэнэ. Энэхүү арга хэмжээнээс нийтдээ дөрвөн мянга гаруй фунт стерлингийн сан боссоныг 86400 хөдөлгөөн болон CAMDA сайн санааны байгууллага хамтран Дундговь аймгийн зарим сумдад тусламж болгон хүргэхээр болов. Одоогийн байдлаар CAMDA-аар дамжин Британийн ТББ, хувь хүмүүсээс  нийтдээ 40 000 орчим ам доллар, 10000 орчим фунт стерлингийн тусламж Монголд илгээж, Дундговь аймгийн зудад ихээр нэрвэгдсэн Эрдэнэдалай, Адаацаг, Гурвансайхан, Дэлгэрцогт суманд тэжээл болон бусад хэлбэрээр хүргэж эхлээд байгаа аж.
П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж