Монгол Улсад Африкийн гахайн мялзан өвчин илэрч, одоогоор 450 гаруй гахайг устгаад байна. Гахайн мялзан өвчин нь гахайн гаралтай импортын бүтээгдэхүүнээр дамжин Монголд орж ирсэн гэж урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа юм. Монгол Улс хэдэн орноос гахайн гаралтай бүтээгдэхүүн импортолдог болон, гахайн мялзангийн тархцын талаар Мал эмнэлгийн ерөнхий газаас тодруулахад “Европын орон болон БНХАУ-д гахайн мялзан их тархацтай байдаг. ОХУ-д зэрлэг гахай мялзангаар өвчилсөн нэг тохиолдол илэрч байсан. БНХАУ-д өнгөрсөн 2018 онд гахай мялзан өвчин гарч, 400 мянга гаруй гахай устгасан. Харин энэ жилийн байдлаар гахайн мялзангийн 68 тохиолдол илэрсэн мэдээлэл байгаа. ОХУ-д энэ жил гахайн мялзан бүртгэгдээгүй байна. Харин Монгол Улс нь ихэвчлэн зүүн Европын орон, БНХАУ-аас гахайн гаралтай бүтээгдэхүүнийг импортолдог” гэлээ.
Гахайн мялзан өвчнийг эмчлэх арга дэлхий дээр одоогоор байхгүй бөгөөд мялзангаар өвчилсөн гахайг устгаж, халдвар авахаас урьдчлан сэргийлэх замаар энэ өвчинтэй тэмцэж байгаа юм.
Тиймээс гахайн аж ахуйнд хорио цээрийн дэглэм тогтоож, нэг сар орчим хяналтад байлгах юм байна. Мөн гахайн гаралтай бүтээгдэхүүний импортыг түр хугацаагаар хориглоод байгаа билээ.
Холбоотой мэдээ