Японы мэргэжлийн сүмод барилдаж буй Монгол сүмочид хамтран эх орондоо хүүхдийн эмнэлэг барих төслийг эхлүүлжээ. Энэхүү мэдээлэл эдгээр өдрүүдэд Токиод болж буй Хацү башётай зэрэгцэн Монгол түмэндээ хүрч байна. Их аварга Хакүхо М.Даваажаргалын санаачлагаар эхлүүлж буй уг төслийг Японы олон бизнесмэнүүд дэмжихээ илэрхийлсэн талаар зарим хэвлэл мэдээлэл мэдээлсэн байна. Бид энэхүү мэдээллийн талаар их аварга Хакүхо М.Даваажаргалын ээжээс тодруулахад "Одоогоор ийм мэдээлэл надад ирээгүй байна. Хүү өнгөрсөн жил их яаруу ирээд явсан. Энэ талаар мэдээгүй байна" гэсэн юм.