Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг хууль хяналтын байгууллагууд нь шалгахгүй бол нэг л биш болоод явчихлаа шүү.
Яагаад гэвэл Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дээрх хоёр сайдтай холбоотой ноцтой зүйлүүдийг хэллээ. Жишээлбэл, 8.5 тэрбум төгрөгийн татвартай холбоотой маргааныг ямар шалтгааны улмаас шүүхээр хэлэлцүүлэлгүй, компанийн удирдлагатай нь “эвлэр” гэдэг саналыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Хууль зүйн дэд сайдад өгөв.
“Эрдэнэт”-ийн 49 хувь бол Монголын ард түмний өмч гэж яриад байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж яагаад энэ асуудлыг хэлэлцэх шүүх хуралд дэд сайдаа очиж болохгүй гэж зааварлав гэдгээс эхлээд шалгаж, мухарлах шаардлага байна.
Учир нь том дүнтэй дуулиант хэргүүдэд улстөрчид болон хамаарал бүхий хүмүүс нь холбогдчихсон байдгаас ихэнхдээ төр хохирогч болдог гэх хардлага нийгэмд бий болсон. Шийдвэр гаргагч нар луу нэг нөхөр үүрэг өгөөд л энэ мэтчлэн асуудлуудаа өөртөө ашигтайгаар шийдвэрлүүлэхээр ажилладаг болсон бол шударга нийгмийг бий болгох амлалт өгсөн Засгийн газар цэгцлэх ёстой. Тэр тусмаа танхимынх нь сайд нартай холбоотой асуудлууд хөндөгдөж байхад Ерөнхий сайд тэдэндээ “Шалгуул” гэж үүрэг өгөх ёстой. Тэгж байж зөв жишиг тогтоно.
Шалгуулна гэдэг шууд хамсаатан, буруутан болчихно гэсэн үг бас биш. Магадгүй Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр Засгийн газар ялагдаж болзошгүй нөхцөл байдлыг түрүүлж олж харчихаад гаргалгаа олтол цаг хожих зорилгоор дэд сайдыгаа очуулахгүй байх нь нэг арга гэж харсан байхыг ч үгүйсгэхгүй.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга мөн өөр нэг гаргалгаа олж хараад “Эвлэр” гэсэн ч юм билүү, хэн мэдлээ.
Шалгаж байж, л “но”-той, ноцтой харагдаад байгаа асуудлуудын үнэн мөнөн тодрох учиртай. Нэг нь ноцтой юм ярьдаг, нөгөөдүүл нь тоодоггүй байж таарахгүй.
Хонгил яриад, жагсаал цуглаан зохион байгуулаад гүйгээд байгаа УИХ-ын нэр бүхий таван гишүүн ч дээрх хоёр эрхэмд хандаж, шалгуул гэдэг шаардлага тавьж яагаад болохгүй гэж…Тэр тусмаа шударга бус зүйлтэй тултал тэмцэхээр зориглосон нь үнэн юм бол Засгийн газрын сайд ч байсан асуудалд нэр холбогдсон л бол алагчлалгүйгээр асуудлыг тэгш тавьдаг зарчимтай байх ёстой. Манай талын хүн, нөгөө талын хүн гэдгээр асуудалд хандвал шударга ёсыг тогтоож чадахгүй. Хоёр талын биенээ намнасан байлдаан болоод л дуусна. Сайд Ц.Нямдорж, Г.Занданшатар нарыг шалгая.
Г.ХОРОЛ