Галт тэргэнд энэ сарын 14-ний өдөр буюу өчигдөр шинэ хүн мэндэлжээ. Тодруулбал Шарын гол-Дархан чиглэлийн 603-р галт тэргэнд 27 настай зорчигч М.Номин-Эрдэнэ төрж, хүүтэй болсон байна. Хүүг вагоны үйлчлэгч Г.Энхтуул, Ц.Гансүх нар эсэн мэнд эх барьж авчээ. Ингээд хүүг эх барьж авсан вагоны үйлчлэгч Г.Энхтуултай утсаар холбогдсоноо хүргэе
-Галт тэргэнд шинэ хүн мэндэлсэн гэж дууллаа. Та эх барьж, хүйн ээж болов уу. Танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Өчигдөр орой 20.00 цагийн орчимд Шарын гол-Дархан чиглэлийн 603-р галт тэргэнд 27 настай зорчигч М.Номин-Эрдэнэ төрж, хүүтэй болсон. Миний хувьд хамтрагч Ц.Гансүхтэй хамтран хүүг эх барьж авсан. Тухайн үед маш их сандарсан. Жирэмсэн зорчигч М.Номин-Эрдэнэ “Би өмнө нь кесеров хагалгаагаар хоёр удаа төрсөн. Одоо бас кесеров хагалгаагаар төрөхөөр Дархан явж байна” гэсэн. Миний хувьд эх, хүүхдийн хүйг тасалж, эх барьж авсандаа баяртай байна. Зорчигч М.Номин-Эрдэнэ Дархан хотын эмнэлэгт төрөхөөр аав, ахтайгаа хамт вагоноор зорчиж явсан юм билээ.
-Одоо эх, хүүгийн биеийн байдал сайн уу?
-Дархан хотын вокзал дээр яаралтай түргэн тусламжийн машин ирж, ээж, хүү хоёрыг эмнэлэг рүү авч явсан. Эмч нар нь “Хүйг зөв хайчилсан байна. Баяр хүргэе” гэхэд л санаа минь уужирсан даа.
-Хүүд ямар нэр өгсөн бол?
-Би хүүд Ганзам гэж нэр өгсөн. Хүүгийн өвөө нь ч гэсэн энэ нэрийг нь өөрчлөхгүй гэж хэлж байсан.
-Та галт тэрэгний үйлчлэгчээр хэдэн жил ажиллаж байна вэ. Өмнө нь ийм тохиолдолтой таарч байв уу?
-Би болон манай хамтрагч Ц.Гансүх галт тэрэгний үйлчлэгчээр 20 жил ажиллаж байна. Миний хувьд ийм тохиолдолтой хоёр дахь удаагаа таарлаа. Өмнө нь 2001 онд галт тэрэгний зорчигч 16 настай эмэгтэй төрөхөд нь анхны тусламж үзүүлж, эмч нар төрүүлсэн. Тухайн үед эмч мэргэжилтэн галт тэргэнд явж таарсан. Бидний хувьд шинэ он эхлэн ийм баярт үйл явдалтай таарсандаа их билэгшээж байна. Маш их баяртай байна. Эх, хүү хоёртоо аз жаргал хүсье.
Холбоотой мэдээ