Төв, орон нутгийн прокурорын байгууллагын удирдах ажилтнуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөний нээлтийн ажиллагаа өчигдөр Улсын Ерөнхий прокурорын газарт боллоо. Нэгдсэн сургалт, зөвлөгөөнд Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газруудын Ерөнхий прокурорууд болон Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурорууд оролцож байна.
Сургалт зөвлөгөөнөөр прокурорын байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт, түүний дотор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, зөрчил шалган шийдвэрлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих, төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх прокурорын хяналтын ажлын үр дүн, амжилт, алдаа, оноо, цаашид үйл ажиллагаандаа анхаарч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэх юм.
Сургалт зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нээж хэлсэн үгэндээ :" …Өнгөрсөн он бол прокурорын байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, үйл ажиллагааг зохицуулдаг Эрүүгийн болон Зөрчлийн хууль тогтоомжууд, тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, заавруудын анхны бүтэн жил хэрэгжсэн он байснаараа онцлогтой. Энэ нь шинээр мөрдөгдсөн хууль тогтоомж, удирдамжийн баримт бичгүүдийн хэрэгжилттэй холбогдуулан бид үйл ажиллагаандаа үнэлэлт, дүгнэлт хийж, цаашид прокурорын хяналтын чанар, үр дүнг дээшлүүлэх, тэдгээрийг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх хариуцлагатай жил байсныг илэрхийлж байна.
2018 онд хийсэн ажил, үйл ажиллагаандаа өгсөн үнэлэлт, дүгнэлт, ард иргэд болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос нийгмийн шударга ёсны байдал, прокурорын байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан гаргаж буй гомдол, санал, хүсэлт зэргийг харгалзан Прокурорын байгууллага 2019 оныг “Нийгэмд шударга ёсыг тогтоон бэхжүүлэхэд прокурорын байгууллагын манлайллын жил болгох” уриан дор 4 чиглэлээр зорилт дэвшүүлэн ажиллана…" гэлээ.
Сургалт зөвлөгөөн 01 сарын 14-16 өдрүүдэд үргэлжилнэ.
Эх сурвалж: ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР
Холбоотой мэдээ