ДОХ-оор өвчилсөн хүний тоо 268 болжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

ДОХ-оор өвчилсөн хүний тоо 268 болжээ

ДОХ-оор өвчилсөн хүний тоо 268 болжээ

Үндэсний статистикийн хорооноос 2018 оны нийгэм эдийн засгийн байдлыг өнөөдөр /2019.01.15/ танилцууллаа.

Тухайлбал, Монгол Улсын хүн ам 2018 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.2 сая болж, өмнөх оноос 61.6 мянган хүнээр өссөн аж. Улсын хэмжээнд 2018 оны байдлаар 78 мянга 993 хүүхэд мэндэлсний 1465 нь гадаадад төрсөн байна. Мөн төрсөн хүүхэд өмнөх оноос 3259-аар, нас барсан хүн 1518-аар өссөн тоон үзүүлэлттэй гарчээ. Ингээд өнгөрөгч оны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хүргэж байна. 


НЯЛХСЫН ЭНДЭГДЭЛ ӨМНӨХ ОНООС НЭМЭГДЖЭЭ

Улсын хэмжээнд 2018 онд 79 мянган хүүхэд төрсний 1465 нь гадаадад төрсөн байна. Манай улсад 77.1 мянган эх амаржиж, 77.5 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оноос амаржсан эх 3174-өөр, амьд төрсөн хүүхэд 3200-гаар нэмэгдсэн байна.

Харин арванхоёрдугаар сард 6539 эх амаржиж, 6568 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 132-оор, амьд төрсөн хүүхэд 124-өөр нэмэгдсэн аж. Нялхсын эндэгдэл улсын хэмжээнд өнгөрөгч онд 1037 болж, өмнөх оноос 28-аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1310 болж, өмнөх оноос 66-гаар нэмэгдсэн байна.

БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭД 25 МЯНГАД ХҮРЧЭЭ

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны арванхоёрдугаар сарын эцэст 36.2 мянга байна. Үүнээс  25 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.2 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд 2018 оны арванхоёрдугаар сарын эцэст 25 мянга болж, өмнөх оны мөн үеэс 486 хүнээр буурч, өмнөх сараас 782 хүнээр өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 13.2 мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 8.3 мянга нь Улаанбаатарт, 5.6 мянга нь Хангайн бүсэд, 2.4 мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 437 нь хөгжлийн бэрхшээлтэй байгаа бөгөөд үүний 203 нь эмэгтэйчүүд байгаа аж.

ҮЙЛДВЭРИЙН ОСОЛ, ХУРЦ ХОРДЛОГО 283 БҮРТГЭГДЛЭЭ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 2018 оны эцэст 283 бүртгэгджээ. Эдгээр тохиолдлын 279 нь үйлдвэрлэлийн осол, дөрөв нь хурц хордлого байна. Нийт осолдогчдын 24 нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан шалтгааныг авч үзэхэд голчлон унасан, бүдэрсэн, халтирсан болон эд зүйлд хавчуулагдсан байна.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас нийт осолдогчдын 42 нь хүнд, 34 нь хөнгөн хэлбэрээр гэмтэж, долоо нь нас барсан байна. Мөн нийт осолдогчдыг эрхэлж байсан ажил мэргэжлээр авч үзвэл 39.8 хувь нь энгийн ажил мэргэжилтэй, 13.3 хувь нь тус бүр мэргэжилтэн болон үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан, 12 хувь нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч байна.

ХДХВ/ДОХ-ООР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ ТОО 268 БОЛЖЭЭ

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 онд 42.1 мянга болж, өмнөх оноос 2226- гаар буурахад гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 3175- аар, салхин цэцгээр өвчлөгчид 1514-өөр, тэмбүүгээр өвчлөгчид 507-оор, сүрьеэгээр өвчлөгчид 281-ээр, вирүст хепатитаар өвчлөгчид 59-өөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Харин цусан суулгаар өвчлөгчид 2239-өөр, гонококкт халдвараар өвчлөгчид 1051-ээр, мөөгөнцөрөөр өвчлөгчид 275-аар, трихомониазаар өвчлөгчид 241-ээр өссөн байна. Улаанбаатар хотод 2018 оны арванхоёрдугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол нэг гарч улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын тохиолдол нийт 268 болсон байна.

ӨРХ ТОЛГОЙЛСОН  ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ТОО БУУРЧЭЭ

Монгол Улсын хэмжээнд 2018 онд 36.4 мянган өнчин хүүхэд байгаагийн 3.1 мянга нь бүтэн өнчин хүүхэд, 33.3 мянга нь хагас өнчин хүүхэд байна. Бүтэн өнчин хүүхэд 2018 онд өмнөх оноос 261 хүүхдээр буурч, хагас өнчин хүүхэд гурваар өсжээ.

Нийт өнчин хүүхдийн 3.7 мянга нь 0-4 насны, 9.2 мянга нь 5-9 насны, 12.3 мянга нь 10-14 насны, 4.0 мянга нь 15 насны, 3.7 мянга нь 16 насны, 3. мянга нь 17 насны хүүхэд байна.

Өрх толгойлсон эх 2018 онд 72.0 мянга болж, өмнөх оноос 4848-аар, буурсан бол өрх толгойлсон эцэг 19.9 мянга болж, өмнөх оноос 712-оор буурчээ. Өрх толгойлсон эхчүүдийн 40.0 мянга нь гурав хүртэлх, 25.6 мянга нь 3-5 хүртэлх, 6.4 мянга нь зургаа ба түүнээс дээш гишүүнтэй өрхийг толгойлж байна.

ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ОРЛОГО 17.7 ХУВИАР, ЗАРЛАГА 14.4 ХУВИАР ӨСЧЭЭ

Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2018 онд 2.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 284.1 тэрбум төгрөгөөр, зарлага 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 255.6 тэрбум төгрөгөөр өслөө.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 онд өмнөх оноос 284.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 57.7 тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 204.7 сая төгрөгөөр буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн орлого 256.0 тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 65.0  тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нийгмийн даатгалын сангийн зарлага 2018 онд өмнөх оноос 255.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 214.8 сая төгрөгөөр буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн зарлага 203.3 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны арванхоёрдугаар сард 290.2 тэрбум төгрөг, зарлага 220.9 тэрбум төгрөг болж, өмнөх сараас орлого 93.5 тэрбум төгрөгөөр, зарлага 38.8 тэрбум төгрөгөөр өссөн байна.

ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД 157.6 МЯНГАН ОЮУТАН СУРАЛЦАЖ БАЙНА

Бүх шатны сургуульд суралцагчид 2018-2019 оны хичээлийн жилийн эхэнд нэг саяд хүрч, өмнөх оноос 28.6 мянгаар өсжээ. Улсын хэмжээнд 2018- 2019 оны хичээлийн жилд 1435 цэцэрлэгт 261.3 мянган хүүхэд хүмүүжиж байгаа нь өмнөх оноос цэцэрлэгийн тоо 19-өөр, хүүхдийн тоо 4.6-аар мянгаар тус тус нэмэгдсэн байна. Цэцэрлэгийн бүлгийн тоо 7903 болж, өмнөх оноос 95- аар нэмэгдлээ.

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 2018-2019 оны хичээлийн жилд 72.2 мянган хүүхэд элсэн орсон нь өмнөх оноос 4.3 мянган хүүхдээр нэмэгджээ. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд нийт 34.7 мянган сурагч амьдарч байгаагийн 17.9 мянга нь эмэгтэй, 26.4 мянга нь малчдын хүүхэд байна.

Энэ хичээлийн жилд мэргэжлийн боловсрол, сургалтын 86 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 51 нь төрийн өмчийн, 35 нь хувийн өмчийн сургууль байна. Нийт сургуулийн 52 нь бие даасан, 18 нь коллежийн, 5 нь дээд сургуулийн, 11 нь их сургуулийн харьяа байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчид 2018-2019 оны хичээлийн жилд 37.0 мянга болж, өмнөх оноос 1.2 мянгаар нэмэгджээ. 2018- 2019 оны хичээлийн жилд нийт 94 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байгаагийн 18 нь төрийн өмчийн, 73 нь төрийн бус өмчийн, гурав нь гадаадын их сургуулийн салбар байна. Улаанбаатар хотод 86, хөдөө орон нутагт найман их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна.

Их, дээд сургууль, коллежид 157.6 мянган оюутан суралцаж байгаа нь өмнөх оноос 2.4мянгаар өссөн байна. Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 130.5 мянга нь бакалаврын түвшний сургалтанд хамрагдаж байна.

 УЛСЫН ХЭМЖЭЭНД 85.8 МЯНГАН ХҮН ЭРҮҮЛЖҮҮЛЭГДЖЭЭ

Улсын хэмжээнд 2018 онд 36.2 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос дөрвөн  мянгаар өсжээ.

Өмнөх оноос нийт гэмт хэрэг өсөхөд залилах гэмт хэрэг 2376 хулгайн гэмт хэрэг 1202 хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 322, дээрмийн гэмт хэрэг 264 хөрөнгө завших гэмт хэрэг 193, хүчингийн гэмт хэрэг 143-аар өссөн нь голлон нөлөөлөв. Харин бүртгэгдсэн гэмт хэрэг 2018 оны арванхоёрдугаар сард 4.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 61-ээр, өмнөх сараас 371-ээр тус тус өссөн байна.

Гэмт хэргийн улмаас 2018 онд 9.3 мянган хүн гэмтэж, 934 хүн нас барсан нь өмнөх оноос гэмтсэн хүн 1230, нас барсан хүн 195-аар буурсан байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2018 онд 33.6 мянга болж, 1.7 мянга нь 18 хүртэлх насны хүүхэд, 14.7 мянга нь эмэгтэйчүүд байна.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2018 онд 3.3 мянга болж, өмнөх оноос 723- аар, бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 1.7 мянга болж, 115-аар, хүүхэд оролцсон хэрэг 741 болж, 191-ээр буурч, харин эмэгтэй хүн оролцсон хэрэг 2.9 мянга болж, 137-гоор өсжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 2018 онд 1069 бүртгэгдсэн нь өмнөх оноос 217-гоор буурсан байна. Харин мал хулгайлах гэмт хэрэг 2018 онд 1096 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн хэргийн гурван хувийг эзэлж, өмнөх оноос 195- аар өссөн байна. Улсын хэмжээнд 2018 онд 85.8 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 11.0 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оноос эрүүлжүүлэгдсэн хүн 657, баривчлагдсан хүн 364-өөр буурсан байна.

ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 848.8 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖЭЭ 

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2018 оны 12 дугаар сарын эцэст 19.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 821.6 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.6 их наяд төгрөгөөр өссөн байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны 12 дугаар сарын эцэст 17.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 506.8 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.6 их наяд төгрөгөөр өссөн байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны 12 дугаар сарын эцэст 848.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 125.2 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 25.4 тэрбум төгрөгөөр өсжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.9 хувийг эзэлж, өмнөх сараас 0.9 пунктээр, өмнөх оны мөн үеэс 1.1 пунктээр тус тус буурсан байна.

ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛАРЧЭЭ

Төгрөгийн америк доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны 12 дугаар сард 2 637.35 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.4 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар тус тус суларсан байна.

Төгрөгийн юаньтай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны 12 дугаар сард 383.03 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар, өмнөх сараас 3.0 хувиар тус тус суларчээ. Төгрөгийн рубльтэй харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны 12 дугаар сард 39.15 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар чангарч, өмнөх сараас 0.6 хувиар суларсан байна.

ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН НИЙТ ТЭНЦЭЛ 11.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ ГАРЛАА

Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.5 хувийг татварын орлого, 10.2 хувийг татварын бус орлого, 6.2 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 2.1 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 9.2 их наяд төгрөг болж, өмнөх оноос 205.6 тэрбум төгрөгөөр өсөхөд хүүгийн зардал 109.6 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 50.4 тэрбум төгрөг, татаас 32.5 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 50.4 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 48.9 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч урсгал зардал 304.8 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 79.7 хувь, хөрөнгийн зардал 17.4 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 2.9 хувийг эзэлж байна.

ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 8.2 ХУВИАР ӨСЛӨӨ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.6 хувиар өсөж, өмнөх оны жилийн эцсээс 8.1 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны арванхоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 9.1 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.2 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 8.5 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.0 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.7 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 16.3 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 23.7 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 11.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны арванхоёрдугаар сард өмнөх сараас 0.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.8 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 1.1 хувь, хувцас, бөс бараа, гутал болон эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ тус бүр 0.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

МОНГОЛ УЛС 66.5 САЯ МАЛТАЙ БОЛЖЭЭ

Улсын хэмжээгээр 2018 оны эцэст 66.5 сая мал, үүнээс 3.9 сая адуу, 4.4 сая үхэр, 459.7 мянган тэмээ, 30.6 сая хонь, 27.1 сая ямаа тоологдов. Малын нийт тоо өмнөх оноос 240.3 мянга, үүнээс адуу 229 толгой, тэмээ 25.6 мянга , хонь 444.5 мянгаар тус тус өсөж, үхэр 7.6 мянга, ямаа 222.4 мянгаар буурлаа.

Малтай өрхийн тоо 2018 оны эцэст улсын хэмжээгээр 230.9 мянга болж, 169.7 мянган өрх нь мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг малчин өрх байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буй малчид 2018 оны эцэст 288.7 мянга болж, 16 хүртэлх насны малчид 0.3 хувь, 16-34 насны малчид 33.0 хувь, 35 наснаас тэтгэвэрт гарах хүртэлх насны малчид 54.2 хувь, тэтгэврийн насны малчид 12.5 хувийг тус тус эзэлж байна. Малтай өрхийн тоо өмнөх оноос 0.8 хувиар, 500 хүртэлх малтай өрхийн тоо 0.9 хувиар, 500-гаас дээш малтай өрхийн тоо 0.5 хувиар өссөн байна.

ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙ БУУРСАН ХЭДИЙ Ч УРГАЦ ХУРААЛТ НЭМЭГДЛЭЭ

Улсын хэмжээгээр 2018 онд нийт 508.1 мянган га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оноос 16.2 мянган га талбайгаар буурсан байна.

Нийт тариалсан талбайн 366.8 мянган га-д үр тариа, 12.9 мянган га-д төмс, 9.0 мянган га-д хүнсний ногоо, 46.3 мянган га-д тэжээлийн ургамал тус тус тариалсан нь өмнөх оноос хүнсний ногоо 0.6 мянган га, тэжээлийн ургамал 20.1 мянган га–аар өссөн бол үр тариа 24.1 мянган га, төмс 2.2 мянган га- гаар тус тус буурсан байна.

Үр тариа 2018 онд 453.8 мянган тонн, төмс 168.9 мянган тонн, хүнсний ногоо 100.7 мянган тонныг хураан авч, 1.2 сая тонн хадлан, 51.1 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.

Нийт тариалсан талбайн хэмжээ буурсан хэдий ч өмнөх онтой харьцуулахад хураасан үр тариа 215.7 мянган тонн, төмс 47.1 мянган тонн, хүнсний ногоо 18.6 мянган тонн, хадлан 221.2 мянган тонноор өсөж, бэлтгэсэн гар тэжээл 1.2 мянган тонноор  буурсан байна.

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛ ӨМНӨХ ОНООС 2.7 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ӨСӨВ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 15.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 2.7 их наяд төгрөгөөр өслөө.

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оноос 1.8 их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.6 их наяд төгрөг, металлын хүдэр олборлолт 198.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлөв. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны арванхоёрдугаар сард 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 12.8 тэрбум төгрөгөөр өслөө.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оноос алт, нүүрс, цайрын баяжмал, буталмал чулуу зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 4.1-17.3 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарт самнасан ноолуур, шар айраг, малын тэжээл, архи,хиаман төрлийн бүтээгдэхүүн, вакуум цонх, хаалга, банш, бууз, зүсмэл материал, ноолууран сүлжмэл эдлэл, адууны мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5.3-79.3 хувиар өссөн байна.

Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт зэсийн баяжмал, молибдений баяжмал, хайлуур жонш, газрын тос, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүний олборлолт 0.5-19.1 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс, барилгын модон хаалга, цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.5-92.5 хувиар буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 18.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 3.1 их наяд төгрөгөөр өслөө. Нийт борлуулсан бүтээгдэхүүний 12.6 их наяд төгрөг буюу 68.7 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.

УЛСЫН ХИЛЭЭР ОРСОН ГАДААДЫН ЗОРЧИГЧИД 18.8 ХУВИАР ӨСЧЭЭ

Манай улсын хилээр 2018 онд давхардсан тоогоор 6.1 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оноос 153.7 мянгаар өсжээ. Улсын хилээр орсон зорчигчдын 39.5 хувь нь Замын-Yүд, 17.8 хувь нь Буянт-Ухаа, 11.8 хувь нь Гашуун сухайт, 11.3 хувь нь Алтанбулаг, 6.1 хувь нь Шивээ хүрэн, 13.4 хувь нь бусад боомтоор орсон байна.

Улсын хилээр 2018 онд гадаадын 598.4 мянган хүн орсон нь өмнөх оноос 55.7 мянгаар өсжээ. Тэдний 87.7 хувь нь 30 хүртэл хоног, 10.7 хувь нь 90, түүнээс дээш хоног, 1.6 хувь нь 30-аас 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн байна. Гадаадын зорчигчдын 529.3 мянга нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон нь өмнөх оноос 60.0 мянгаар өссөн байна. Хилээр орсон гадаадын зорчигчдын 69.0 мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ.

Өмнөх оноос Тайланд улсын жуулчид 767, Индонез улсынх 161, Турк улсынх 510, Энэтхэг улсынх 424 хүнээр тус тус өссөн бол БНАСАУ-ынх 359, Вьетнам улсынх 243, Австри улсынх 230 хүнээр буурчээ.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 571.5 мянга нь насанд хүрсэн хүн, 398.8 мянга нь эрэгтэйчүүд, 199.6 мянга нь эмэгтэйчүүд, 27.2 мянга нь хүүхэд байна. 2018 онд улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 62.3 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас, 31.6 хувь нь Европоос, 4.3 хувь нь Америк тивээс, 1.8 хувь нь Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ.

Манай улсын давхардсан тоогоор 2.5 сая иргэн 2018 онд гадаадад зорчсоноос 1.8 сая нь хувийн журмаар зорчжээ. Улсын хилээр 2018 онд давхардсан тоогоор 2.7 сая тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өмнөх оноос 18.0 мянгаар өсчээ. Нийт тээврийн хэрэгслийн 43.4 хувь нь Замын-Yүд, 19.3 хувь нь Гашуунсухайт, 11.2 хувь нь Шивээхүрэн, 7.4 хувь нь Алтанбулаг, 7.2 хувь нь Сүхбаатар, 11.5 хувь нь бусад боомтоор тус тус нэвтэрсэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж