Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр /2019.01.15/ шатахууны үнийг бууруулах болсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ. Тус газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, нефть импортлогч компани зэрэг холбогдох байгууллагад шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад шатахууны үнийг 100 төгрөгөөр дахин бууруулах нь хангалтгүй тул 300 төгрөгөөр бууруулах санал дэвшүүлсэн байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө байгууллагаас шатахууны жижиглэн борлуулалтын үнийг гадаад хилийн үнэтэй уялдуулан дахин бууруулж, авсан арга хэмжээний тухай мэдээллийг нэгдүгээр сарын 11-ны өдрийн дотор ирүүлэх шаардлагыг шатахууны худалдаа эрхлэгч 15 аж ахуй нэгжид хүргүүлээд байна. Шаардлагын хариуд нэгдүгээр сарын 15-ны өдрөөс шатахууны үнийг литр тутамд 100 төгрөгөөр бууруулна гэж өчигдөр мэдээлсэн тухай тус газрын дарга Б.Лхагва хэлэв. Тэрбээр Засгийн газраас шатахууны үнийг гадаад зах зээлийн үнэтэй уялдуулан шат дараалалтай бууруулах чиглэлийг шатахууны худалдаа эрхлэгчдэд өгсний дагуу 2018 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс А92 автобензин литр тутамдаа 100 төгрөгөөр буурсан ч арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс дахин бууруулах талаар аж ахуй эрхлэгчдээс холбогдох арга хэмжээг аваагүй гэдгийг онцолсон юм.
ШАТАХУУНЫ ҮНИЙГ ДАХИН 100 ТӨГРӨГӨӨР БУУРУУЛАХ НЬ ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ
“Монгол Улс нефтээ 100 хувь гаднаас импортоор авдаг. Шатахууны үнийн өсөлтөд валютын ханш, хилийн үнэ нөлөөлдөг. Нэгдүгээр сард хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад 86-107 ам.доллараар буурсан учраас шатахууны үнийг литр тутамд 300 төгрөгөөр бууруулах бүрэн боломжтой. Шатахууны үнийг 100 төгрөгөөр дахин буурууллаа гээд хэрэглэгч үүнийг хүлээж авахгүйгээс гадна ямар ч үр дүнгүй. Бидний зүгээс төрийн байгууллагуудад зах зээлийнх нь зарчмаар үнээ буулгаж чаддаг байх шаардлагыг тавьсан. Төрийн бус байгууллагууд нь шатахууны үнийг буулгахыг шаардаж байхад шатахууны худалдаа эрхлэгчид үнээ буулгадаггүй ийм тогтолцоо байж болохгүй. Тиймээс нефть импортлогч компаниуд үнээ буулгаж, бодит үнийг зарлах ёстой. Ашигт малтмал, газрын тосны газраас олон түмэнд энэ тухай мэдээллийг түгээх хэрэгтэй юм. Ямар нөхцөлд шатахууны үнэ өсч, ямар үед буурдаг талаарх ил тод нээлттэй байдал чухал байна. Ийм шаардлагыг бид тавьж ажиллаж байна. Мөн цагаан сар, шинэ жил, хүүхдийн баяр зэрэг тэмдэглэлт баяртай холбогдуулан худалдааны төвүүд болон бизнес эрхлэгчид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнээ нэмдэг бичигдээгүй жишиг тогтсон. Үүнд бизнес эрхлэгчид ухамсартай, уян хатан хандаж үнийн бодлогыг зохион байгуулах ёстой. Бидний зүгээс иргэдийн гомдлын дагуу махны үнэд хяналт тавьж ажиллаж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ч манай агентлагийн салбар орон нутагт нэг ч байхгүй, хүрэлцээгүй байгааг шийдвэрлэх нь чухал асуудлын нэг болсон гэлээ.
Дэлхийн зах зээл дэх түүхий тосны үнэ, Монгол Улсад хилээр оруулж ирж буй импортын нефтийн бүтээгдэхүүний үнэ, төрлөөсөө хамааран тонн тутамдаа 86-107 ам.доллараар буурсан тул АИ-80, АИ-92 автобензин болон дизелийн түлшний жижиглэнгийн үнийг 100 төгрөгөөс илүү үнээр буулгах бүрэн боломжтой аж.
Өнгөрсөн онд шатахууны жижиглэнгийн борлуулалтын үнэ 1, 2, 7, 8, 10 дугаар сард буюу нийт таван удаа нэмэгдсэн бол арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 50-100 төгрөгөөр хоёр удаа буурсан юм. Энэ онд шатахууны үнийг дахин 100 төгрөгөөр бууруулах арга хэмжээ авч байгаа нь хангалтгүй гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас үзлээ.
Холбоотой мэдээ