АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ойрхи Дорнодод хийж буй айлчлалынхаа хүрээнд өчигдөр /2019.01.14/ Саудын Арабын нийслэл Рияд хотноо айлчиллаа. Тэрбээр Саудын Арабын хаан Салмантай 35 минут, хунтайж Мухаммед бин Салмантай 45 минутын турш тус тусад нь уулзсан байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болон Саудын Арабын хунтайж нар Йемений дайныг зогсоох тухай өнгөрсөн сард хийгдсэн Стокгольмийн гал зогсоох гэрээний хэрэгжилтийг хангах асуудлаар ярилцсан хэмээн Рияд дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэв. Йемений дөрвөн жил үргэлжилсэн иргэний дайны байлдагч талууд нь Саудын Арабын дэмжлэгтэй Йемений Засгийн газар болон Ираны дэмжлэгтэй Хусит босогчид юм.
Саудын Араб, АНУ төрийн өндөр албан тушаалтнуудын уулзалтаас хүлээх өөр нэгэн чухал үр дүн бол өнгөрсөн оны аравдугаар сард Туркийн Истанбул дахь Саудын Арабын Консулын газарт амиа алдсан сэтгүүлч Жамаль Хашоггийн хэрэг юм. Рияд дахь АНУ-ын ЭСЯ-ны мэдэгдэлд тэднийг энэ тухай ярьсан гэх боловч дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй гэв.
Олон улс орнууд болон АНУ-ын Тагнуулын төв газар “Вашингтон Пост” сонины сэтгүүлч, Саудын Арабын Йемен дэх бодлого болоод бусад асуудлыг хурцаар шүүмжлэн бичдэг байсан сэтгүүлчийн үхэлд хунтайж Мухаммед бин Салманыг буруутгаж байгаа юм. Харин Риядын зүгээс тус мэдээллийг няцаасан хэвээр байна.
Сэтгүүлчийн аллагын хэргээс үүдэн Саудын Араб болон барууны улс орнуудын харилцаа муудсан бөгөөд хунтайж Мухаммед бин Салманы нэр хүнд ч бас дотоод болон гадаад ертөнцөд унаад байгаа.
Харин Майк Помпеогийн хувьд түүний гэр бүлийн гишүүн нь нас барсантай холбоотойгоор Ойрхи Дорнодын орнуудаар хийж байсан айлчлалаа эрт дуусгахаар болсон тухай Төрийн департментаас мэдээлжээ. Тэрбээр Оманы нийслэл Маскат хотод уулзалт хийснийхээ дараа Кувейтэд айлчлалгүйгээр АНУ руу буцахаар болсон байна. Айчлалынхаа хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Иордан, Бахрейн, Ирак, Египет, Катар, АНУЭ зэрэг орнуудаар айчлилсан юм.
Эх сурвалж: CNBC.com
Холбоотой мэдээ