Нийтийн тээврийг илүү ухаалаг, илүү хүртээмжтэй болгох зорилтынхоо хүрээнд Бээжин хотын захиргаа 2022 оноос жолоочгүй автобус замын хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөжээ. Бээжингийн Нийтийн тээврийн корпораци, “Mobileye” компани хоёрын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар хотын анхны жолоочгүй автобуснууд өндөр технологийн аж үйлдвэрийн паркууд болон жуулчдын хамгийн их зорчдог газруудаар явах гэнэ.
Бээжингийн Нийтийн тээврийн корпораци нь дэлхийн хамгийн том нийтийн тээврийн газрын нэг агаад нийт 1221 чиглэлд 26363 автобусаар иргэдэд үйлчилдэг юм. Харин “Mobileye” нь Израильд төвтэй технологийн компани аж. Тус компани Хятадын “Baidu” компанитай мөн жолоочгүй автомашин хөгжүүлэх төсөлд хамтран ажилладаг байна.
Бээжин хотын захиргаа агаарын бохирдлыг бууруулж, замын хөдөлгөөний түгжрэлээс сэргийлэхийн тулд 2020 оны сүүлч гэхэд 10 мянган цахилгаан автобус үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн нь нийтийн тээврийн үйлчилгээнд явах бүх унаа тэрэгний 60 хүртэлх хувийг бүрдүүлэх аж.
Эх сурвалж: CCTV.com
Холбоотой мэдээ