Сүрьеэгээр есөн сая хүн өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.23-нд нийтлэгдсэн

Сүрьеэгээр есөн сая хүн өвчилжээ

Манай улс энэ жил  “Сүрьеэг илрүүлье, эмчлэе, эдгэрүүлье” “уриан дор дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр (гуравдугаар сарын 24)-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхий нийтэд сүрьеэ өвчин нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. 2013 оны ДЭМБ-ын тайланд дурдсанаар есөн сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.5 сая хүн сүрьеэгийн улмаас нас барсан байна. Мянганы хөгжлийн зорилт-д 2015 онд сүрьеэ өвчний тархалт, нас баралтыг 1990 оны түвшингээс 50 хувиар бууруулах зорилго дэвшүүлсэн ба энэ зорилтыг биелүүлэх Монгол улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд сүрьеэтэй тэмцэх ажилд багагүй амжилт олсон байна. Дэлхий дахинд халдварт өвчний улмаас нас барах тохиолдлын нэгдүгээр ХДХВ, ДОХ дараа нь сүрьеэ орж байна. 2012 оны байдлаар 450,000 хүн “Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ”-гээр өвчилсөн ба 92 оронд маш олон эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдол бүртгэгдсэн байна.

2013 оны байдлаар дээр дурдсан есөн сая сүрьеэтэй өвчтөний 56 хувь нь Зүүн Өмнөд Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудад байна. Гэсэн хэдий ч сүрьеэгийн тохиолдол аажуухнаар буурч байгаа ба 2000 оноос 2013 оны хооронд 37 сая хүнийг оновчтой оношлон, төгс эмчилсэн байна.

Монгол улсад Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл 2003 оноос хойш хэрэгжиж байна. Төслийн үйл ажиллагааны хүрээнд 2006 оноос Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг оношлож эмчилж ирсэн ба 2006-2010 оны хооронд жилд дунджаар 70-80 хүн оношлогддог байсан бол 2011 оноос хойш дунджаар 200 гаруй хүн оношлогддог болсон байна. Төслийн хүрээнд ХӨСҮТ-д иж бүрэн тоноглогдсон 60 ортой тасгийг ашиглалтанд оруулжээ. Мөн  хөдөө орон нутгаар Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол нэмэгдэж байсан тул Сэлэнгэ, Дорнод, Дархан-уул зэрэг найман аймагт тусгай тасаг нээсэн байна. Эмэнд мэдрэг буюу энгийн сүрьеэтэй нэг өвчтөнийг эмчлэхэд 30 ам.доллар, харин олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй нэг өвчтөнийг эмчлэхэд дунджаар 3000 ам.доллар зарцуулагддаг байна. Тиймээс сүрьеэг эмэнд дасал болохоос өмнө эрт илрүүлж, эмчлэх л чухал ажээ.

Д.ЦЭЭНЭ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж