Шороон шуургатай өдрийн тоо 3-4 дахин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.03.23-нд нийтлэгдсэн

Шороон шуургатай өдрийн тоо 3-4 дахин нэмэгджээ

-Агаар мандлын гаралтай гамшигт үзэгдэл болох ган, зуд, хүчтэй салхи шуурга, үер усны аюулын давтамж сүүлийн хорин жилд өмнөх 10 жилээсээ хоёр дахин ихэссэн байх юм- 

Өнөөдөр цаг уурчдын өдөр тохиож байна. 1873 онд анх удаа олон улсын цаг уурын байгуулага нээгдсэн бөгөөд 1961 оноос эхлээд жил бүрийн гуравдугаар  сарын 23-ны өдрийг Дэлхийн цаг уурын өдөр болгон тэмдэглэх болжээ. Дэлхийн цаг уурын байгуулагад 188 орон гишүүнээр элссэн байдаг бөгөөд  цаг уурын өдрийг тодорхой уриа дэвшүүлэн дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.  

Дэлхий нийтийн хэмжээнд Уур амьсгалын өөрчлөлт хариуцсан олон улсын бүлгээс гаргасан  тавдугаар илтгэлд дурдахдаа дэлхийн гадаргын дундаж температур сүүлийн зуун жилд 0,86 градусаар дулаарсныг тодотгосон байдаг.

Манай орны хувьд агаарын температурын жилийн дундаж 2,1 градусаар дулаарч, хур тунадас долоон процентоор буурчихаад байгаа юм. Агаар мандлын гаралтай гамшигт үзэгдэл болох ган, зуд, хүчтэй салхи шуурга, үер усны аюулын давтамж сүүлийн хорин жилд өмнөх 10 жилээсээ хоёр дахин ихэссэн байх юм.  Дулааралтын улмаас өндөр уулын мөс хайлж, мөнх цэвдэг элэгдэлд орж байна. Хархираа, Түргэн, Мөнххайрхан, Цамбагарав, Сайр уулсын мөсөн бүрхүүлийн талбай 30 орчим хувиар багасчээ.

1961 оноос хойш газрын гадаргын ууршиц 118.1 мм-ээр ихэссэн, ургамлын ургалтын хугацаанд буюу хавар, зуны эхэн сард ордог хур борооны хэмжээ 33 мм-ээр буурсан нь хуурайшилт, цөлжилтийн гол шалтгаан болж байна. Хавар цас ханзрах хугацаа бараг нэг сараар урагшилж, хөрс цасан бүрхүүлгүй болон ургамал бүрхэвчгүй байх хугацаа уртассанаас  газрын хөрс салхинд илүүтэй элэгдэж, 1960-аад оноос хойш шороон шуургатай өдрийн тоо нийт нутгийн хэмжээнд 3-4 дахин ихэссэн байна.

Манай орны хувьд агаарын температурын жилийн дундаж 2,1 градусаар дулаарч, хур тунадас долоон процентоор буурчээ.

Хуурайшилт эрчимтэй явагдаж байгаагаас олон зуун гол, горхи, булаг шанд, нуур, цөөрөм хатаж ширгэн, бэлчээрийн ургамлын ургац буурч, зүйлийн бүрдэл нь хомсдож байна. Бэлчээр доройтож, хэт халуун өдрийн тоо нэмэгдсэнээс мал сүрэг зун, намар тарга хүчээ бүрэн авч чадахгүй давжаарч зудын гамшгийг тэсвэрлэх чадвар нь буурч байна. Энэ нь агаар мандалд байх хүлэмжийн хий ихэссэнтэй холбоотой. Цахилгаан станц, гэр хороолол, автомашины утаа униар болоод үйлдвэрлэлээс ялгарч буй метан хийн ялгарлаас үүдэлтэйгээр ийн хүлэмжийн хий өсч, улмаар уур амьсгал дулаарч байгааг эрдэмтэд тогтоосон.

Эрдэмтдийн сануулж буйгаар энэ зууны төгсгөл  гэхэд дэлхийн уур амьсгал 4-5 градусаар  дулаарах хандлагатай байгаа ажээ. Тиймээс цаг уурын өөрчлөлтийг сааруулахад улс орон бүрийн үүрэг онцгой байхыг тодотгож буй юм. Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийнхэн өнөөдөр цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан бөгөөд хурлын үеэр тус хүрээлэнгийн эрдэмтэн, доктор П.Гомболүүдэв “Уур амьсгалын мэдлэгт суурилсан үйл ажиллагаа” сэдвээр лекц уншжээ. Сүүлийн хориод жил дэлхийн бүхий л улс орны эрдэмтэд цаг уурын өөрчлөлт, цаг агаарын дохио санамжийг илүү идэвхтэйгээр судалсан. Тиймээс тэрхүү судалгаанд тулгуурласан шийдвэр, хэрэгжилт, шийдвэртэй  хамгаас илүү хэрэгтэй байгааг эрдэмтэн тодотгож байлаа.

Хүний шууд болон шууд бус үйл ажиллагааны улмаас дэлхийн хийн мандлын бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг сааруулахад хувь хүмүүсийн амьдралын дадал чухал үүрэгтэй ажээ. Адаглаад л байгалийн гэрэлтэй үед буюу өдрийн цагаар гэрлээ унтраах, хэрэглээгүй цахилгаан хэрэгслийг залгуураар нь салгах, усаа бага гоожуулах,  машин унахдаа  бага мотортойг сонгохоос эхлээд нэг гэлтгүй хүний дадал зуршил онцгой үүрэгтэй юм байна шүү.

“Монгол орон нь газар зүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий. Сүүлийн дөчөөд жилийн дотор дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны улмаас Монгол орны экосистемд мэдэгдэхүйц өөрчлөлт орж, энэ нь цөлжилт, ган, зудын давтагдал ихсэх, усны нөөц, биологийн олон янз байдал хомсдох зэргээр илэрч, улмаар улс орны эдийн засаг, ард түмний амьдралын түвшинд таагүй нөлөө үзүүлэх хэмжээнд нэгэнт хүрээд байна” гэсэн дүгнэлтэд дэлхий нийтээрээ хүрээд байгааг эцэст нь дуулгая.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж