З.Баянсэлэнгэ гишүүний ээлжит гомдол

Хуучирсан мэдээ: 2015.03.23-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгэ гишүүний ээлжит гомдол

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Байнгын хороо, УИХ-ын чуулганы танхимд үе үе гомдоллодог.

Эрхэм гишүүн өнөөдөр Иргэний танхимд болсон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр “Ерөнхийлөгч автор булаацалдлаа” хэмээн гомдол мэдүүлэв.

Тэрбээр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх  тухай хууль дээр өнгөрсөн хоёр жил эмэгтэй гишүүд ажилласан. Хуулийн төслийг чуулганы  хэлэлцэх асуудлын дараалалд багтаах асуудлыг тавьдаг. Гэтэл Засгийн газраас өргөн барина гэдэг. Өнөөдөр Ерөнхийлөгч өргөн барихаар болж байгаа юм байна. Ерөнхийлөгч автор булаацалдаад байдаг жишиг тогтсон юм уу” гэлээ.

Түүний асуулт ч гэмээр,  гомдол ч гэмээр энэ үгний хариуд Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Хуулийн төслийг хэн өргөн барих нь чухал биш. Монгол Улс ийм хуультай болох нь чухал. Хуулийн төсөлд УИХ-д ажлын хэсэг байгуулагдана. Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүд ажлын хэсэгт багтан ажиллах боломж бий” гэлээ.

Хуулийн төслийн  тухайд намрын чуулганы хэлэлцэх асуудлын 17-д байсан ч Засгийн газар солигдсоноор Гэмт хэргийн  тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хамт эргүүлэн татагдсан. Харин Засгийн газраас Гэмт хэргийн хуулийг Эрүүгийн хууль болгон нэрийг нь өөрчилж, Зөрчлийн тухай хуулийн хамт буцаан оруулж ирсэн ч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг  “гээгээд” байсан юм. Энэ цаг үед нийгмийг цочроосон гэмт хэрэг гарч, ТББ-ууд хуулийн төслийг яаралтай батлахыг шаардсан. Нөгөө талаас нийгмийн энэ   захиалгыг үндэслэн хуулийн төслийг   УИХ-д өргөн барьж,  ирэх сард эхлэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхийг Ерөнхийлөгчөөс хүссэн юм. Үүний дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээрх хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн барихаар болоод байгаа билээ.

С.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж