ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Японы Гадаад хэргийн сайд Таро Коно нар өчигдөр /2019.01.14/ уулзаж, хоёр улсын удирдагчийн дээд хэмжээний уулзалтыг ирэх долоо хоногт Москва хотноо зохион байгуулахаар тохиролцсон байна.
Москва хотод өчигдөр болсон ОХУ, Японы Гадаад хэргийн сайд нарын уулзалт дөрвөн цаг орчим үргэлжилсэн байна. Тэдний ярилцсан гол зүйлс нь газар нутгийн маргаантай асуудлаа шийдвэрлэж, энхийн гэрээ байгуулах тухай байв.
“В.Путин, Шинзо Абэ нарын дараагийн дээд хэмжээний уулзалтыг ирэх долоо хоногийн Мягмар гаригт /2019.01.22/ зохион байгуулахаар тохиролцсон” хэмээн Японы Гадаад хэргийн сайд Таро Коно сэтгүүлчдэд хийсэн мэдэгдлийнхээ үеэр онцоллоо.
Сергей Лавров, Таро Коно нар өчигдрийн уулзалтаар хэлэлцэн тохирсон ажлуудын хэрэгжилтийн явцыг дүгнэх зорилгоор ирэх сард Германы Мюнхен хотод зохион байгуулагдах олон улсын бага хурлын үеэр дахин уулзахаар болсон байна. Таро Коно сэтгүүлчдэд хийсэн мэдэгдлийнхээ үеэр хоёр улсын тэргүүний дээд хэмжээний уулзалтын тов, ярих гол зүйлсээс өөр мэдээллийг одоогоор өгөх боломжгүй гэжээ.
ОХУ, Япон хоёр газар нутгийн маргаантай асуудлаас болоод дэлхийн хоёрдугаар дайнаас хойш өнөөг хүртэл энхийн гэрээ байгуулаагүй юм. Гэхдээ өнгөрсөн жил болсон В.Путин, Шинзо Абэ нарын дээд хэмжээний уулзалтын үеэр 1956 оны “Зөвлөлт-Японы хамтарсан тунхаглал”-ын үндсэн дээр энхийн гэрээ байгуулах хэлэлцээг түргэвчлэхээр тохиролцсон.
Курилын олтригийн урд хэсгийн дөрвөн арлыг ОХУ эзэмшин, албан ёсоор “Курилын арлууд” хэмээн нэрлэдэг билээ. Харин Япон улс арлуудыг газар нутгийнх нь салшгүй хэсэг хэмээн үзэж, дэлхийн хоёрдугаар дайны дараа ОХУ-ыг тус дөрвөн арлыг хууль бусаар өөрийн болгосон гэж үздэг. Япон улс тус арлуудыг “Хойд газар” хэмээн албан ёсоор нэрлэдэг байна.
Москва хотноо өчигдөр болсон уулзалтын дараа хоёр улсын Гадаад хэргийн сайд нар Курилын арлын асуудал дээр өөр, өөр байр суурьтай байдгаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд дараа, дараагийн хэлэлцээний явцад нэгдсэн саналд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна гэв.
Таро Коно арлын асуудал дээр Япон улсын байр суурийг тодорхой илэрхийлсэн хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн бол Сергей Лавров Токиотой маргаантай арлуудын эзэмшлийн асуудлаар ярилцах бодолгүй байгаа гэжээ. Мөн тэрбээр Япончууд тус арлыг удахгүй өөрийн болгох мэтээр ард иргэддээ ухуулж байгааг, мөн “Хойд газар” хэмээх нэршлийг нь буруутгасан юм.
Тэрбээр дэлхийн хоёр дайны дараа бий болсон үр дүн буюу ОХУ тус дөрвөн арлыг эзэмших болсон нь Сан-Францискогийн энхийн гэрээ болон НҮБ-ийн дүрэмд тодорхой тусгагдсан хэмээн байр сууриа хатуу илэрхийллээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй ирэх долоо хоногийн Мягмар гаригт уулзахаар болсон тухай мэдээллийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас баталгаажуулжээ. Тэд өнгөрсөн жил Сингапур болон Буэнос Айрост хийсэн уулзалтын үеэр тохиролцсон зүйлс дээрээ үндэслэн энхийн гэрээ байгуулах асуудлаар дээд хэмжээний уулзалт хийх юм.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ