Хотын даргыг тодруулах коммунист намын “тушаал”

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

Хотын даргыг тодруулах коммунист намын “тушаал”

Хотын даргыг тодруулах коммунист  намын “тушаал”

Жилийн дараа дүнгээ тавиулах МАН-ын хямрал дуусаагүй, харин ч эрх мэдлийн төлөөх дотоод зөрчил нь Төрийн ордноос хальж, хот, дүүрэг хорооддоо халдварлаад эхэлсэн. Төрөө бүү хэл гэрээ төвхнүүлж чадахгүй шахам хэрэлдэж байх зуур хот нь даргагүй бараг сар шахам болж, Улаанбаатарт тулгамдсан олон асуудал эзэнгүйдэхэд хүрсэн бөгөөд энэ нь мөнөөх л эрх баригчдын дундах хагарал зөрчилтэй нь холбоотой юм.

МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр С.Батболд ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр хотын шинэ даргын марафон эхэлж, НИТХ энэ асуудлаар хоёр хуваагдчихаад байгаа билээ.

Монгол Улсын хүн амын гуравны нэг, нэг сая гаруй хүн амьдардаг нийслэл Улаанбаатарыг удирдуулахаар МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Амарсайханыг сонгосон ч, нийслэлийн төлөөлөгчид түүнийг дэмжихгүй байгаа юм. Учир нь, С.Амарсайханыг хотын даргаар томилоход ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх төлөөлөгч цөөнгүй байгаа бөгөөд Туул голын ай сав буюу тусгай хамгаалалтын газар барьж байгаа байшин барилгынх нь асуудлыг сөхөх  хүмүүс ч байгаа. Түүнийг МАН-ын генсек Д.Амарбаясгалан хотын даргаар зүтгүүлж байгаа бөгөөд нийслэлийн МАН-ыг өгөх асуудал яригдаж магадгүй байгаа аж. Учир нь, хотын дарга намаа давхар удирдах ёстой гэсэн зарчмыг Д.Амарбаясгалангийн талынхан ярьж эхэлсэн бололтой.

Гэвч, С.Амарсайханыг ашиг сонирхолтой гэж үзэж байгаа тул хотын даргыг сонгох НИТХ-ын үеэр заалнаас Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа П.Баярхүүгийн нэрийг дэвшүүлэх асуудал яригдаж эхэлжээ. П.Баярхүү нь өнгөрсөн гурван жил Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ажилласан, туршлагатай нэгэн.  МАН-ын аль нэг фракцад харьяалагддаггүй.

Гэвч, МАН-ын удирдлагууд гаргасан шийдвэрийг нь дагаагүй, С.Амарсайханыг томилох намын даалгаврыг дагаж гар өргөхгүй бол “намаас хөөнө” гэж бүлгийн гишүүдээ сүрдүүлсэн тухай мэдээлэл байна.

Түүнчлэн НИТХ-ын дарга буюу С.Амарсайханы оронд Р.Дагвыг томилох "үүргийг" коммунист намын дарга нар өгчээ. Мөн “Хэрэвзээ намын удирдлагаас гаргасан шийдвэрийг дагахгүй бол” гэсэн анхааруулга ч дагалдаж байгаа гэх. Р.Дагва нь УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын хүн юм байна. Харин нийслэлийн төлөөлөгчдийн дунд хотын орлогч даргаар ажиллаж байгаа Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар сонгох сонирхолтой хүн цөөнгүй байгаа аж. Учир нь, нэгд, залуу хүн. Хоёрт, өнгөрсөн гурван жил хотын сайн, муутай зууралдаж ирсний хувьд П.Баярхүү, Ж.Батбаясгалан хоёр хотыг удирдахад хамгийн тохирох хувилбар гэж нийслэлийн төлөөлөгчид үзэж байгаа бололтой.

Харамсалтай нь, намын удирдлагуудаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй хүмүүсийг намаасаа хөөх, хасах тухай яриа У.Хүрэлсүхийн үед улам идэвхжих болсон. Эсрэг бодолтнуудаа намаасаа төдийгүй төрөөс хөөх, шахах бодлого ч барьж эхэлсэн. Эндээс МАН улам хаалттай, улам бүр коммунист болж байгаа нь намын даргатай санал нийлэхгүй бол намаасаа хөөгддөг, ажилгүй болдог, цөлөгддөг хэлмэгдүүлэлтийн он жил энэ намд эргэн ирсэн нь харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, хаалттай, хатуу, нэг хүний эрх мэдэл нь нэмэгдсээр байгаа МАН хоёрхон жилийн дараа зуун жилийн ойгоороо "хойдох"-оо уншуулахад хүргэж магадгүй байна. Ийнхүү хотын даргыг тодруулах маргаашийн хурал коммунист намын дарга нарын найруулга, тавилт дунд явагдаж магадгүй байна. Энэ томилгоо МАН-ын дарга нарт ашигтай байж болох ч нийслэлчүүдийн ашигтай байж чадах нь юу л бол.

Б.БОЛОР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж