Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр Иргэний танхимд боллоо.
“Гэр бүлийн хүчирхийлэл-хохирогч, хамгаалал” нэртэй уг хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, Хүчирхийллийн эсрэг төв, бусад ТББ-уудын төлөөлөл, УИХ-ын гишүүд оролцож, санал бодлоо солилцлоо. Хууль зүйн яаманд хоёр жилийн турш боловсруулагдсан хуулийн төслийг өнгөрөгч намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч Гэмт хэргийн хууль, Зөрчлийн хуулийн хамт Засгийн газар эргүүлэн татсанаар хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байсан юм. Засгийн газраас Гэмт хэргийн хуулийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг эргүүлэн оруулж ирсэн ч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг орхиод байсан. Тэгвэл нийгмийн захиалгаар энэхүү хуулийг дахин өргөн барихаар болсон. Хуулийн төслийг санаачлагчид Ерөнхийлөгчид дээрх саналыг тавьснаар энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаар болсон тухай мэдээллийг өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр өглөө.
Хэлэлцүүлэгт хуулийн төслийн танилцуулгыг ХЗЯ-ны Эрхзүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Г.Оюунболд хийсэн бол, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль бусад хуулиудтай уялдуулах шаардлагын талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал илтгэл тавьлаа.
Хуулийн төслийг санаачлагчид Ерөнхийлөгчид санал тавьснаар энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаар болжээ.
Цагдаагийн байгууллагаас гаргасан тоон мэдээллээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21-р зүйлд заасан танхайрах зүйлчлэлээр 60-70 мянган хэрэг шийдвэрлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж буй хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзэх хууль эрхзүйн орчин бүрдээгүйгээс дээрх тооны хүмүүсийг баривчилж, эрүүлжүүлэх байдлаар арга хэмжээ авч иржээ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй 42 эмэгтэйн 32 нь өмнө нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэх судалгаа гарчээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Оюун “Энэ асуудал урагшилж байгаад баяртай байна. Хуулийн төсөлд ажил хэрэгч саналыг салбар бүрийн төлөөллүүд тусгах хэрэгтэй юм. Хуулийн төслийг өргөн баригдахаас нь өмнө төрийн бус байгууллагын саналуудыг шигтгэх хэрэгтэй” гэсэн бол Хүний эрхийн хуульч М.Ичинноров “Хохирогч хамгааллын асуудлыг хохирогчид туслалцаа үзүүлэх цагдаагийн байгууллага руу төвлөрүүлж өгөх нь зүйтэй. 38 эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас хамгаалалт хийснээрээ гэмт хэрэгтэн болж хоригдсон байна. Аргагүй байдалд хүрээд хүн амины хэрэг үйлдсэн бол ял өгдөггүй олон улсын стандарт бий. Үүнийг хэрэгжүүлэх шаардлагатай” гэлээ.
Хуулийн төслийг хэлэлцэх явцад тодорхой санал санаачлагууд гаргаж, идэвхитэй ажиллахыг УИХ-ын гишүүдээс хүссэн. Өнөөдөр болсон хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Батцогт, С.Оюун, З.Баянсэлэнгэ, Д.Сарангэрэл нар оролцсон юм.
С.ОТГОН