Монгол криптовалют олборлогчдын анхаарлыг татаж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

Монгол криптовалют олборлогчдын анхаарлыг татаж байна

Монгол криптовалют олборлогчдын анхаарлыг татаж байна

Эрчим хүчний үнэ хямд, хүйтэн уур амьсгалтай Монгол Улсыг дэлхийн криптовалют олборлогчид илүүтэй сонирхож, төвөө болгохыг эрмэлзэж байна. Токиод төвтэй, Японы “Ginco” компани Монголд 600 уурхай ажиллуулж буй бөгөөд энэ оны эхний улиралд багтаан 1000 хүртэл нэмэгдүүлэх зорилго тавьжээ.  Тус компанийн Гүйцэтгэх захирал Юүма Фүрүбаяаши “Бизнесийн орчин “хатуу”. Гэвч бид одоо ч ашиг олж чадаж байна” хэмээн хэлсэн байна.

Биткойн олборлоход ихээхэн хэмжээний эрчим хүч шаардагддаг. Япон, БНХАУ-тай харьцуулахад Монголд цахилгааны үнэ харьцангуй хямд юм. Далайд гарцгүй улс орны хүйтэн уур амьсгал нь биткойн олборлох төхөөрөмжийг хөргөхөд тусалдаг байна. Монгол Улс нь биткойн олборлогчдын ашиг орлогоо нэмэгдүүлэхэд тохиромжтой цөөхөн орны нэг юм.

2017 оны эцэст нэг биткойн 19 мянган ам.доллар буюу “оргил” үедээ хүрч байсан бол 2018 оны хоёрдугаар хагаст дээрх дүн 4000 ам.долларт хүрсэн тул зарим компаниуд үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрчээ.

Монголын мэдээлэл технологийн “iTools” компани өнгөрсөн зун хуучин барилгын материалын үйлдвэрийг ашиглан биткойн олборлож эхэлсэн билээ. “Bitcoin exchange guide”-д мэдээлснээр, Өмнөд Солонгосын блокчэйн технологийн “Terra” компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулах болжээ. Тус компанийг үүсгэн байгуулагчдын нэг Даниел Шин “Монголын Засгийн газар, холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна. Санхүүгийн үйлчилгээнд шинэчлэл хийхээр төлөвлөж байна” гэжээ.

Тэд эхний ээлжид Налайхын иргэдэд үйлчилгээ үзүүлэх бөгөөд төрийн мэдээлэл хүргэх болон төлбөрийн үйлчилгээг хялбаршуулах зорилго тавьжээ. Даниел Шин нь Өмнөд Солонгосын 1.7 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй, цахим худалдааны “Ticket Monster” фирмийн үүсгэн байгуулагч аж. Монгол Улсад финтек (санхүү, технологийн нийлбэр гэж ойлгож болох бөгөөд үүнийг хөгжүүлэх нь санхүүгийн үйлчилгээг илүү хялбаршуулж, зардал бууруулах зэрэг нөлөөтэй) хөгжиж байгаа ч хангалттай биш болохыг мэдээллийн хэрэгслүүдэд тэмдэглэжээ.

Британийн Digiconomist’s Bitcoin Energy Consumption Index хоёр жилийн өмнө “Биткойн олборлогч компаниуд нэг жилд 29.5 тарраватт цахилгаан эрчим хүчийг зөвхөн биткойн олборлоход зарцуулдаг” гэсэн тооцоо гаргажээ. Энэ нь Ирланд улсын эрчим хүчний нийт хэрэглээнээс (25 терраватт орчим) давсан үзүүлэлт аж.

Биткойныг олборлох, дамжуулах зэрэг бүхий л үйл ажиллагаанд ашиглаж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь дэлхийн 159 орны цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс давсан гэж үзжээ. Өөрөөр хэлбэл дэлхийд 61 дүгээрт жагсах хэмжээний эрчим хүчийг хэрэглэсэн гэсэн тооцоо гарсан байна. Дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа нийт эрчим хүчний 0.3 хувь нь биткойн олборлоход зарцуулагдаж буй аж.

2017 онд зөвхөн нэг сард биткойн олборлоход зарцуулсан эрчим хүчний хэрэглээ 30 хувиар өсчээ. Хэрвээ өсөлт энэ эрчээ хадгалж, эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэхгүй байна гэж тооцвол 2020 он гэхэд дэлхийн бүх эрчим хүч ч хүрэлцэхгүй гэсэн тооцоог зарим эрдэмтэд хийсэн байна.

“Digiconomist”-ын тайланд: АНУ-ын тарифаар 2.9 тэрбум ам.доллар, Их Британийнхаар түүнээс ч их зардлыг зөвхөн эрчим хүчний хэрэглээндээ зарцуулдаг гэж өгүүлжээ. Энэ шалтгааны улмаас эрчим хүчний хямд эх үүсвэртэй улсууд биткойн олборлолтоор амжилт олох ирээдүйтэй гэгдэж байгаа аж.

Биткойноор нэг гүйлгээ хийхэд 270 киловатт буюу дундаж америк өрхийн есөн өдрийн хэрэглээнд хүрэлцэх эрчим хүч шаардагддаг байна. “Digiconomist”-оос хийсэн судалгаагаар, олборлогч компаниудын нийт орлогын 55 хувь эрчим хүчний төлбөрт зарцуулагддаг гэсэн судалгаа хийжээ. Цахим картаар нэг гүйлгээ хийхэд 10 ватт эрчим хүч зарцуулдаг гэсэн тооцоо бий . Гэхдээ дээрх тоог баталгаатай үнэн гэж үзэж болохгүй аж. “Беванда” хэмээх байгууллагаас дээрх тоог үгүйсгэж, биткойн олборлоход жилд 2.9-4.5 терраватт, нэг гүйлгээнд 16 киловатт эрчим хүч зарцуулдаг гэсэн судалгаа хийжээ.

Дэлхийн зах зээлд 1300 орчим криптовалют байдгаас хамгийн анхны бөгөөд алдартай нь биткойн (“цахим алт” гэх нь ч бий) юм. Биткойны тоо хязгаартай ч (21 сая ширхэг) алт шиг олборлож болдог. Биткойн нь нэг төрлийн цахим мөнгө бөгөөд гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй.

Түүх сөхвөл, Сатоши Накамото гэх хүн 2009 онд биткойны алгоритм, кодыг бичин, блокчэйн сүлжээг ашиглалтад оруулжээ. Түүнийг ашиглан дэлхийн хаанаас ч маш богино хугацаанд, шимтгэл багатайгаар мөнгө шилжүүлж болдог давуу талтай. Мөн мөнгө шилжүүлэхэд банкны хаяг, нэр шаардлагагүй. Биткойныг хэнээс хэнд шилжүүлж буйг мэдэх боломжгүй юм.

Эх сурвалж: Nikkei Asian Review, Ethereum world news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж