Н.Батцэрэг БНФУ-д ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.23-нд нийтлэгдсэн

Н.Батцэрэг БНФУ-д ажиллаж байна

 

Энэ жил Монгол, Франц  хоёр  орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа ба уг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дэд дарга, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн даргын хувиар УИХ-ын гишүүн Н.Батцэрэг БНФУ-д албан томилолтоор ажиллаж байна.

 

Уг айлчлалын хүрээнд Парис хотноо алдарт тэрбумтан Алан Дюкасс-ын ресторанд Францын Үндэсний хурлын гишүүн, Үндэсний хурал дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга, дотны нөхөр ноён Ж.Шартье-ын урилгаар  дахин уулзаж, хоёр орны хамтын ажиллагаа, улс төр, эдийн засгийн харилцааны талаархи цаг үеийн мэдээлэл солилцон, 50 жилийн ойн талаар болон уг ойн арга хэмжээн хүрээнд  2 орны хооронд хийх парламентийн айлчлал болон бусад зохион байгуулахаар төлөвлөж буй олон ажлуудын талаар ярилцсан байна.

 

Уулзалтын үеэр Ноён Ж.Шартье-ийн засаг даргаар ажилладаг Домон хотноо жил бүр Монголчуудын Наадамыг хүлээн авч, зохион байгуулдаг ба энэ жил урьд урьдын жилүүдээс илүү онцлог тэмдэглэж, зохион байгуулахаар төлөвлөж буй талаар дуулгасан байна. Уг хотноо жил бүр БНФУ-ын ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгодог Олон улсын циркийн наадам зохион байгуулагддаг төдийгүй, энэ жил тохиох ээлжит наадамд Монгол Улсын циркийг урьж оролцуулахаар болсон байна.

 

Мөн Домон хот болон түүний хөрш зэргэлдээ хот болох Шантий хотуудыг Монголын Хөтөл, Хархорин хотуудтай нөхөрлөлийн гэрээ байгуулан, ах дүү хот болгох санал гарган, ажиллаж буй талаар мэдэгдсэн байна.

 

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж